Австралийн Элчин сайдын яам
Монгол Улс

Австралид төгсөгчид

Австралид сурахын олон давуу талын нэг нь Монгол улсад буцаж ирээд Австралид төгсөгчдийн сүлжээнд нэгдэн орох эрх билээ.

Төгсөгчид нэгдэн орох боломжтой хоёр байгууллага Монгол улсад бий:

  1. Дэлхийн Австралид төгсөгчдийн сүлжээ нь гадаадад сурсан австраличууд болон Австралид сурсан гадаад эрдэмтдийн хамтын нийгэмлэгийг цогцлоон хөгжүүлэх, хооронд нь холбох, эрч хүч өгөх дэлхийн виртуал сүлжээ юм.
    Энэхүү цахим хуудсаар дамжуулан төгсөгчдийг боловсрол, соёлын туршлагаа цаашид үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Мөн үүгээр хувийн ба мэргэжлийн тасралтгүй хөгжлийн үйл ажиллагаанд оролцох, бусад төгсөгчидтэй холбогдох боломжийг олгодог. Үүнд төгсөгчдийн сонирхол татсан мэдээ, нийтлэл, олон нийтийн үйл явдал, төгсөгчдийн түүхийг өгүүлнэ. Эдгээр мэдээллийн эх сурвалж нь Австралийн Засгийн газар, эрдэм шинжилгээний байгууллага, аж үйлдвэрийн экспертүүд, бизнесүүд эсвэл төгсөгчид өөрсдөө байх боломжтой.
  2. Монгол-Австралийн нийгэмлэг буюу нийтээрээ нэрлэж заншсан “Моззичууд”. Моззичууд нь Австралид амьдарч, ажиллаж эсвэл сурсан монголчуудаас бүрддэг. Моззичууд улсын салбар, хувийн хэвшил, төрийн бус байгууллага гээд л Монголын нийгмийн бүх талбарт идэвхтэй ажилладаг. Нийгэмлэг хоёр орны иргэд, хувийн хэвшил ба байгууллага хоорондын холбоог бэхжүүлэх замаар Монгол, Австралийн хамтын ажиллагаа, нөхөрлөлийг хөхиүлэн дэмждэг юм.

Австралид сурсан монгол төгсөгчдийг дэлхийн Австралид төгсөгчдийн сүлжээнд бүртгүүлэхийг ЭСЯ-наас хичээнгүйлэн урьж байна. Нэгдэн ороход үнэгүй бөгөөд өнгөрсөн тавин жилийн хугацаанд дэлхийн өнцөг булан бүрээс Австралид ирж суралцсан 2.5 сая гаруй гадаад оюутны хамтын нийгэмлэгт элсэх боломжийг өгнө. Дэлхийн Австралид төгсөгчдийн сүлжээний тухай нэмэлт мэдээллийг энд дарж авна уу.

Түүнчлэн төгсөгчид “Моззичууд”-тай холбогдохыг бид уриалж байна. Төгсөгчид Моззичуудад элсэн орж, тус байгууллагын зохион байгуулдаг, Монгол дах Австралийн ЭСЯ-ны дэмждэг олон тооны арга хэмжээнд оролцох боломжтой. “Моззичууд” нийгэмлэгийн тухай нэмэлт мэдээллийг энд орж авна уу.

Төгсөгчидтэй эвлэлдэн нэгдэх давуу тал

Австралийн ЭСЯ-ны хамтран ажилладаг хүчирхэг, өөдрөг төгсөгчдийн сүлжээ, өргөн боломжууд таныг угтаж байна. Үүнд:

  • Нүүр нүүрээрээ уулзах боломж олгосон үйл ажиллагаа ба цахим нийгмийн сүлжээгээр дамжуулан бие биентэйгээ холбоотой байх
  • Хувийн ба мэргэжлийн сүлжээ бий болгох
  • Үндэсний, бүсийн ба дэлхийн хэмжээнд сүлжээнд нэгдэх, мэргэжлээрээ өсөн хөгжих боломжуудыг хүртэх
  • Тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох
  • Австралитай холбоотой байх боломжтой.