Австралийн Элчин сайдын яам
Монгол Улс

Крикетийн дасгалжуулагч ирлээ

Австралиас крикетийн дасгалжуулагч ирлээ

2017.07.22

Улаанбаатар.  Энэ долоо хоногт Австралиас крикетийн мэргэжлийн дасгалжуулагч Роб Мораан Монголд хүрэлцэн ирлээ. Тэрээр 2017 оны 7 дугаар сарын 22-ны Бямба гарагт анхны хичээлээ крикет сонирхогч хүүхэд залууст заасан юм.  Сургалт 11-13 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан крикетийн талбайд боллоо.

Ноён Роб Мораан “Хөгжлийн төлөөх Австралийн сайн дурынхан” хөтөлбөрийн шугамаар Монголд дөрвөн сарын хугацаатай иржээ.  Тэрээр крикетийн мэргэжлийн дасгалжуулагчаар 25 жил ажилласан, энэ спорттой ажил амьдралаа холбоод 45 жил болжээ.  Дасгалжуулагч Мораан Монголын Крикет сонирхогчдын холбоотой хамтран ажиллаж, Монголд крикетийн спортыг ерөнхий боловсролын сургуулиудын түвшинд  хөгжүүлэх, крикетийн сургагч багш нар бэлтгэх зорилготой.

Крикетийн спортыг Монголд хөгжүүлэхэд Монголын Крикет сонирхогчдын холбоо хүчин чармайлт гаргасаар байна. Тэд 2016 онд УБ дахь Австрали, Англи, Энэтхэгийн элчин сайдын яамд, олон улсын сургуулиуд, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн хандив, дэмжлэгээр Монголын крикетийн нөхөрлөлийн талбайг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд барьж байгуулсан (дугуйн замыг баруун талаас нь эхэлж тойроод, 10 минут явж хүрнэ).  Мөн өнгөрсөн сард Улаанбаатарт олон улсын, нөхөрсөг анхны тоглолтоо Гонконгийн 123 жилийн түүхтэй Крэйгэнговер багтай хийжээ.