Австралийн Элчин сайдын яам
Монгол Улс

Credentials

2015 оны 12 дугаар сарын 22

Австрали улсаас Монгол улсад суух анхны суурин Элчин сайд ноён Жон Лангтри Монгол улсын Ерөнхийлөгч  Цахиагийн Элбэгдоржид  Итгэмжлэх жуух бичгээ  2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн барилаа.

Итгэмжлэх жуух бичиг гардуулсны дараа ноён Элчин сайдын хэлсэн үг:   

Австрали улсаас Монгол улсад суух анхны суурин Элчин сайдаар томилогдож байгаа нь  миний хувьд нэр төрийн хэрэг  бөгөөд Монгол Австрали улсын хооронд найрсаг дотно харилцаа, хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэн хөгжүүлнэ гэдэгт  итгэл төгс байна. Манай хоёр орон ардчилсан үзэл баримтлал, эдийн засгийн хөгжил, боловсролыг үнэлэх үнэлэмж зэрэг нэгдмэл ашиг сонирхол бүхий үнэт зүйлсийг эрхэмлэхийн зэрэгцээ журамд  захирагдсан бүс нутгийн тайван байдлыг харилцан хүндэтгэж ирсэн билээ.   

 Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Австрали улсын 50 гаруй аж ахуй  нэгж байгууллагын хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх, шинээр үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой байгууллагатай хамтран ажиллах хүсэл зорилго дүүрэн байна. Австрали улсын Засгийн газрын тэтгэлгээр 400 гаруй Монгол залуучууд тус улсын их дээд сургуулиудад  амжилттай суралцахын зэрэгцээ Австралийн соёл урлаг, спортын талаар мэдлэг хуримтлуулан эх орондоо эргэн ирж ажиллаж амьдарч байна.  Тэдэнтэй санал бодлоо хуваалцах боломж гарна гэдэгт итгэлтэй байна.     

2016 он Элчин сайдын яамны хувьд  ажил, хөдөлмөр ундарсан эрч хүчээр дүүрэн жил байх  бөгөөд оны эцэст Элчин сайдын яам бүрэн бүрэлдэхүүнээрээ байгуулагдаж үйл ажиллагаа явуулах болно. Дэлхийн олон орнуудын удирдагчид оролцох ACEM-н дээд түвшний уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулахад өөрсдийн боломжоор дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Түүнчлэн хөрөнгө оруулалтын чиглэлээрх хамтын ажиллагааг үргэлжүүлэхэд хүчин зүтгэл гарган ажиллана.    

2015 онд багтаан Австрали улсын Элчин сайдын яам байгуулахад  дэмжлэг туслалцаа үзүүлсэн Монгол улсын Засгийн газарт талархал илэрхийлье. Энэхүү сайхан орны түүх, соёлын талаар илүү ихийг мэдэж авах, Монгол улсад ажиллаж амьдарч буй  Австрали найз нөхдийн хүрээг тэлэхийн зэрэгцээ Монгол улсын Засгийн газартай илүү ойр хамтран ажиллан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид  хөгжүүлэхэд анхааран ажиллах болно. 

Жон Лангтри

Австрали улсаас Монгол улсад суух Элчин сайд