Австралийн Элчин сайдын яам
Монгол Улс

DAPMon

Бичил төслийн гэрээнд гарын үсэг зурлаа

2016 оны 11 дүгээр сарын 17

Улаанбаатар хот. 2016 оны 11 дүгээр сарын 17-ны Пүрэв гарагт Австрали улсаас Монгол улсад суух Элчин сайд Жон Лангтри, Австралийн ЗГ-аас санхүүжүүлдэг бичил төслийн  хөтөлбөрт шалгарсан Монголын 10 байгууллагын тэргүүн төсөл хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. (Шалгарсан төслийн танилцуулгыг доорх мэдээнээс үзнэ үү) Эдгээр төслийг залуучуудын хөгжил, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эрүүл мэнд, байгаль орчин, ядуурлыг бууруулах, хөдөө аж ахуй, засаглалыг сайжруулах зэрэг чиглэлд хэрэгжүүлнэ. Төсөл хэрэгжүүлэгчид хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүйсийн тэгш оролцоог хангах, төслийн үр шимийг тэгш хүртээх зарчмыг баримтална.

2003 оноос Монгол улсад хэрэгжиж буй Австралийн бичил төслийн хөтөлбөрийн хүрээнд 100 гаруй байгууллага нийт 114 төсөл хэрэгжүүлжээ.

Австралийн элчин сайд Жон Лангтри “Жилээс жилд улам өрсөлдөөнтэй болж буй Австралийн Бичил төслийн хөтөлбөр нь нийгэм,  байгаль орчны асуудлыг хөндөн тавьж, гарц хайн шийдэх боломжийг ТББ-уудад олгодог” гээд хөтөлбөрт төслийн саналаа явуулсан бүх газарт талархал илэрхийлж, “2016-2017 оны хөтөлбөрт сонгон  шалгарсан 10 байгууллагын тэргүүн, хамт олонд баяр хүргэж, үйл ажиллагаанд нь амжилт хүсье. 2017 оны 6 дугаар сард Бичил төслийн ээлжит уралдаан зарлагдах тул олон байгууллага оролцох боломж нээлттэй байгаа”-г онцлон тэмдэглэжээ.

2016-2017 оны Бичил төслийн хөтөлбөрт шалгарсан арван байгууллагын нэг болох Монгол экологийн төвийн Төслийн менежер Т.Цэнгүүн хэлэхдээ “Австралийн ЗГ-ын санхүүжилттэйгээр ”Өсвөрийн байгаль хамгаалагч” төслөө хэрэгжүүлэх болсондоо баяртай байна. Хөвсгөл аймгийн Ханх, Хатгал сумын 10 жилийн 4-7 дугаар ангийн 200 сурагч манай төсөлд хамрагдаж, байгаль хамгаалах, Хөвсгөл нуурын орчмын байгалийн түүх, геологийн бүтэц, биологийн олон янз байдал, гидрологийн мөчлөг, ой мод, хөрсний бүтэц болон цаг уурын өөрчлөлтийн нөлөө зэргийг сурч судална” гэлээ.

Австралийн бичил төслийн хөтөлбөр

Австралийн ЗГ-ын буцалтгүй тусламжийн санхүүжилт бүхий Бичил төслийн хөтөлбөр нь бодит үр дүн гаргахад түлхүү анхаарсан, сайн засаглал, хүний эрх болон олон нийтийн мэдлэг, мэдээлэл, ойлголтыг нэмэгдүүлэх төслүүдийг дэмжихэд түлхүү анхаардаг.