Австралийн Элчин сайдын яам
Монгол Улс

Дипломат харилцаа

Австрали, Монголын дипломат харилцаа

Австрали, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг 2017 онд тэмдэглэнэ. Австрали улс Монгол улстай 1972 оны 9 сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон билээ. Монгол улсад 1990-ээд оны эхээр ардчилал, чөлөөт эдийн засгийн шинэчлэл гарснаас хойш хоёр талын харилцаа идэвхтэй явагдаж ирсэн. Тус харилцааны гол чиглэл хөгжлийн тусламж, Монгол улсын байгалийн нөөц баялгийн салбарт явуулж байгаа арилжааны үйл ажиллагаанд төвлөрч байна. Мөн иргэд хоорондын харилцаа холбоо бэхжиж, улс төрийн харилцаа гүнзгийрч байна. Монгол улс Элчин сайдын яамаа Канберра хотноо 2008 онд нээсэн. Австрали улс Элчин сайдын яамаа Улаанбаатар хотноо 2015 оны 12 сард нээсэн болно.   

Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн нь хоёр талын харилцааны томоохон үйл явдал бөгөөд Австрали нь тус улсын ашигт малтмалын салбарт чухал хөрөнгө оруулагч, туршлага, мэдлэгийн эх үүсвэр гэдгийг илтгэн харуулж, Австрали, Монгол хоёр улс ардчиллыг эрхэмлэн дээдлэх, бүс нутагт нээлттэй, дүрэм журамд үндэслэсэн дэг журамтай байх ижил ашиг сонирхолтойгоо илэрхийлсэн билээ. 2011 оноос хойш Австралийн Худалдааны Комисс (AusTrade) Австралийн бизнесийн хэрэгцээнд туслах зорилгоор Улаанбаатар хотноо төлөөлөгчийн газраа ажиллуулж байна.

 

Иргэд хоорондын харилцаа, холбоо

Австрали, Монголын иргэд хоорондын харилцаа, холбоо улам бат бэх болсоор байна. Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр 400 гаруй монголчуудад (гэр бүлийнхээ хамт) Австралид сурах боломжийг олгожээ. Монголын нөлөө бүхий УИХ-ын гишүүд, албан хаагчид, бизнес эрхлэгчид зэрэг олон хүнийг хамарсан «Моззичууд» хэмээн дотночлон нэрийдсэн төгсөгчдийн сүлжээ бий болсон. 2016 оны 10 сард төгсөлтийн дараах сургалтад Австралийн ЗГ-ын тэтгэлгээр хамрагдаж байгаа 55 монгол оюутан байна.

Хөгжлийн төлөөр Австралийн сайн дурын ажилтнууд олон жилийн өмнөөс Монгол улсад ажиллаж эхэлсэн юм. 2002 оноос хойш 250 гаруй Австрали мэргэжилтэн сайн дураараа Монгол улсад ирж ажиллан, тус улсын хөгжилд хувь нэмрээ оруулжээ. 2016-2017 онд шинээр сайн дурын 20 ажилтан ирлээ.

 

Бизнесийн харилцаа, холбоо

Бизнесүүд Австрали, Монголын харилцаа, холбоог улам гүнзгийрүүлж байна. 650 гаруй австрали иргэн Монголд амьдарч байгаагийн зэрэгцээ, богино хугацааны томилолтоор Монголд айлчилж байгаа австраличуудын тоо ямар ч үед 1000 байна. Австралийн тавь орчим компани Монгол улсад салбартай. Эдгээрийн дотор уул уурхайн салбарт ажилладаг Австралийн томоохон компани болох Рио Тинто (долоон тэрбум долларын Оюу Толгой төслийн гол хөрөнгө оруулагч, уурхайг хөгжүүлэгч), CIMIC (уул уурхай, замын барилгын гэрээг хэрэгжүүлэгч), МакМахон Хоулдингс (гэрээт уурхай) ба хуулийн компаниуд (Минтер Эллисон, Алленс Линклатерс), санхүүгийн компаниуд (Макквери Банк, Си Пи Эс Секюритис, Гаррисон Капитал), инженерийн компаниуд (ВорлиПарсонс, SMEC, Калибр Глобал) зэрэг хэд хэдэн үйлчилгээ үзүүлэгчид ажиллаж байна.

 

Батлан хамгаалах

Австрали, Монгол батлан хамгаалах, аюулгүй байдал зэрэг дэлхийн ба бүс нутгийн асуудлуудаар хамтран ажилладаг. Манай хамтын ажиллагаа олон улсын энхийг сахиулах, аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хувь нэмэр оруулахыг онцлон чиглэж байна. Монголоос 800 гаруй албан хаагч оролцож байгаа НҮБ-ын Өмнөд Судан зэрэг энхийг сахиулах үйл ажиллагаанд австрали, монголчууд мөр зэрэгцэн алба хааж байна. Түүнчлэн хоёр улс Ирак, Афганистанд явуулсан эвслийн үйл ажиллагаа, Косово, Сиерра Леоны энхийг сахиулах үйл ажиллагаанд албан хаагчдаа оролцуулсан билээ. Австрали Монгол улсад жил бүр зохион байгуулдаг Хааны эрэлд энхийг сахиулах сургуульд оролцдог.