Австралийн Элчин сайдын яам
Монгол Улс

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоо сургалт боллоо

Улаанбаатар. Австралийн Засгийн газар хөгжиж буй орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад анхааран ажилладаг. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог дэмжих “Бүгдэд хүртээмжтэй хөгжил 2015-2020” стратегийг батлан, Австралийн тусламжийн хөтөлбөр, хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байна. Австрали улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахдаа “Бидний асуудлыг бидний оролцоотой” гэсэн тулгуур зарчим баримталдаг. Сургалтын явцад НҮБ-аас гаргасан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хүний эрхийн конвенцид суурилсан хандлага, хүртээмжтэй хөгжлийн бодлого, хөтөлбөрүүд, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замын талаар судлах юм. Түүнчлэн Монгол улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзаж, нөхцөл байдлын талаар ярилцах боломж бүрдэж байна.   

2017 оны 11 дүгээр сарын 10-ны Баасан гарагт Австралийн Гадаад хэрэг, худалдааны яам, “Си Би Эм Австрали” байгууллага, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын төлөөлөгчдөд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоо, хүртээмж” сургалт зохион байгууллаа.  Туушин “Бест Вестэрн” зочид буудлын “Сүлд” танхимд болсон сургалтад Австралийн “Бичил төслийн хөтөлбөр”-өөс санхүүжилт авсан ТББ, ядуурал бууруулах, тогтвортой хөгжлийн чиглэлээр төсөл хэрэгжүүлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод, Олон улсын хөгжлийн төлөөх Австралийн сайн дурын ажилтнуудын ажиллаж буй  Монгол байгууллагын төлөөлөл оролцлоо.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцид заасан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангасан хөгжил дэвшилд хүрэх эрхэд суурилсан хандлага гэж юуг хэлэх, илүү тэгш оролцоог хангасан хөтөлбөрүүд хэрхэн бий болгох талаар сургалтаар зааж, Австрали Монголчууд харилцан туршлага судалсан юм.

 

2017.11.10