Австралийн Элчин сайдын яам
Монгол Улс

Гүний усны менежмент

Монголын өмнөд говийн нутагт гүний усны менежментийг бэхжүүлэх нь                                              

Төслийн санхүүжилт: 5,000,000 доллар

Төслийн хугацаа: 2012 оны 6 сараас 2017 оны 6 сар

Төслийн хамрах газарзүйн хүрээ: Өмнөд говийн нутаг

Үндэсний ба орон нутгийн хүлээн авагч талууд: Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яам, усны сав газрын захиргаанууд, усны сав газрын зөвлөлүүд, ус хэрэглэгч орон нутгийн иргэд, хувийн ба улсын үйлдвэрүүд

Төсөл хэрэгжиж байгаа нутаг Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 34.5 гаруй хувийг эзэлж байна. Энэхүү нутагт ашигт малтмалын нөөц элбэг баян ч, усны эх үүсвэр ховор юм. Тус нутагт томоохон уул уурхай, уламжлалт мал аж ахуй, хөдөө аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байна. Усны эх үүсвэр ховор учраас орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах, ард иргэдийг дэмжих, аливаа зөрчлөөс сэргийлэхийн тулд усны хэрэглээний менежментийг үр дүнтэй, үр ашигтай явуулах зайлшгүй шаардлага тулгарсан билээ.

Эдгээр шалтгааны улмаас өмнөд говийн нутагт Дэлхийн банкны Уул уурхайн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын дэмжлэг (МИНИС)-ийн хүрээнд Австрали улс Дэлхийн Банктай хамтран ажиллаж, Гүний усны менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна.

Гүний усны менежментийг сайжруулах төслийн үр дүнд Байгаль орчин, ногоон хөгжлийн яам өмнөд говийн гүний усны газрын захиргаа, институцийн чадавхыг бэхжүүлсэн.  Төслийн хүрээнд усны захиргаа гурвыг байгуулж, тогтмол үйл ажиллагаа явуулдаг боллоо. Мөн, тухайн нутгуудад гүний усны мониторингийн сүлжээ бий болсон.

2014 онд байгуулагдсанаас хойш усны сав газрын гурван захиргаа ус хэрэглэдэг гол цэгүүдэд ус хэмжих стандартчилсан механизмуудыг нэвтрүүлж, усны хэрэглээг илүү сайн хэмжиж, ус ашигласны төлбөрийг илүү бодитой тогтоох боломж бүрдүүлсэн. 2015-2016 онд 10 аймгийн 95 сумын 300 гаруй албан хаагч, ард иргэдийн төлөөлөлд сургалт явуулсан байна. Олон нийтэд мэдээлэл хүргэх ажлыг илүү цэгцтэй, уялдаатай явуулахын тулд ухуулга нөлөөллийн хөтөлбөр бий болгож, гүний усны байдал, сорилт, шаардлагын тухай мэдээллийг олон нийтэд өгдөг болжээ. Мөн гадаргын усны тооллого хийж, бүс нутгийн усны мэдээллийн сан бүрдүүлсэн.

Мэргэжлийн түвшинд бэлтгэгдсэн ажилтнуудтай усны сав газрын гурван захиргаатай болсноор Байгаль орчин, ногоон хөгжлийн яам өмнөд говийн бүсэд гүний усны хэрэглээний бодлого хэрэгжүүлэх чадавхаа бэхжүүлсэн юм. 2017 оны 6 сар гэхэд усны сав газрын захиргаад Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай бүрэн нэгтгэгдэнэ. Төсөл түүнчлэн БОАЖЯ-д усны түвшинг мэдээлж байдаг гүний усны мониторингийн станцуудын сүлжээ байгуулжээ. Ингэснээр эрх бүхий байгууллагууд усны нөөцийн байгаа хэмжээг мэдэх, бүс нутаг дахь усны хэрэглээг хэмжих бололцоотой болно.

Өмнөд говийн нутагт гүний усны мониторингийн сүлжээг байгуулах нь гүний усны түвшин, гүний усны хэрэглээний талаар бодитой мэдээлэлтэй болоход томоохон алхам болсон. Сүлжээ нь усны түвшинг сард нэг удаа хэмжиж байгаа 99 цахим бус, зургаан цаг тутам хэмжилт хийх 20 цахим станцаас бүрдэнэ. Энэ өгөгдөл мэдээллийг БОАЖЯ дээр хадгалах ба тус яам тэрхүү мэдээллийг тэмдэглэж, гүний усны түвшин, хэрэглээний тухай тайлан гарган, судалгаа, бодлого боловсруулахад ашиглахын зэрэгцээ олон нийтэд мэдээлж байна.

 

Гүний усны менежментийг бэхжүүлэх төслийн дэмжлэгтэй байгуулсан гүний усны мониторингийн сүлжээ

 

Дэлхийн банкны МИНИС төслийн гаргасан газрын зураг

 

Нэмэлт мэдээллийг энд дарж орж үзнэ үү.