Австралийн Элчин сайдын яам
Монгол Улс

Матью Дойл Монголд

Австралийн уугуул иргэдийн урлагийн нэрт төлөөлөгч Монголд

2017.06.23

Улаанбаатар хот. Матью Дойл Австралийн Сидней хотод төрж, өссөн. Австралийн Шинэ өмнөд Уэлс мужийн баруун хойд нутгийн Мурувари омгоос гаралтай. Тэрээр 1985 онд Уугуул иргэд, арлынхны ур чадварыг хөгжүүлэх үндэсний холбоонд элсэн орж, 1988 онд бүжгийн чиглэлээр сурч төгсжээ.  1991-1993 оны хооронд тэрээр Уугуул иргэд, арлынхны бүжгийн театрт ажиллаж дотоод, гадаадад аялан тогложээ.  Матью Дойл нь бүжигчин, бүжиг дэглээч, хөгжимчин, дуучин, диджеридүү хөгжимчин, соёлын элч төлөөлөгч, зөвлөх, сурган хүмүүжүүлэгч бөгөөд урлагийн бүх чиглэлээр ажилласан 30 жилийн туршлагатай.

Австралийн өнцөг булан бүрт, мөн дэлхийн олон оронд Матью Дойл ганцаарчилсан болон хамтарсан тоглолт хийж, уран бүтээл туурвисан.  Тэрээр 1996 оны Атланта, мөн 2000 оны Сиднейн зуны Олимпийн тоглолтын нээлт, хаалтад оролцож, Австралийн ABC телевизээс Сиднейн дуурийн театрт хийсэн Зууны тоглолтод бүжиглэж, хөгжимджээ.  Мөн Парис хот дахь Musee Du Quay Branly уугуул соёл урлагийн музейн нээлт, Япон дахь Дэлхийн үзэсгэлэн, “Би Иора” Сидней фестивалийн бүтээлд гар бие оролцжээ.  Матью Дойл Австралид зохиогдсон Дэлхийн Залуучуудын Өдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Ромын Хамба лам, мөн Английн хатан хааны гэр бүлийн гишүүдийг угтан авч байсан. Өнгөрсөн жилийн Венецийн Биенналийн үзэсгэлэнд оролцсон Австралийн уран бүтээлчдийн үзэсгэлэнгийн нээлтэд Матью Дойл тогложээ.  Тэрээр бие даан болон хамтран бичсэн дуунуудаасаа бүрдсэн хэд хэдэн CD гаргасан.  Олон улсад алдартай Австралийн Бангарра бүжгийн хамтлагийн хоёр уран бүтээлд тэрээр соёлын зөвлөхөөр ажиллажээ.  Түүний хамтран ажилласан уран бүтээлч, байгууллагуудад мөн их мастер, шакахучи хөгжимчин Райли Ли, Жэймс Моррисон, ТАЙКОЗ, Legs on the Wall, Сидней, Куинслэндийн симфони оркестр, Edinburgh Military Tattoo багтана. Уугуул иргэдийн соёлыг түгээх чиглэлээр Матью Дойл боловсролын салбарт сүүлийн 17 жил ажиллаж байна.