Австралийн Элчин сайдын яам
Монгол Улс

Эртний мастеруудын үзэсгэлэн

“Эртний мастерууд: Австралийн холтсон дээрх зургийн аугаа төлөөлөгчид” олон улсын явуулын үзэсгэлэн Монголд

2017.06.25

Улаанбаатар хот. Австрали, Монголын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Австралийн Элчин сайдын яамны урилгаар Австралийн уугуул соёл, урлагийн нэрт төлөөлөгч, хөгжимчин, дуучин, бүжиг дэглээч, сурган хүмүүжүүлэгч Матью  Дойл 2017 оны 6 дугаар сарын 25-наас 26-ны өдрүүдэд Монголд айлчилна.  Тэрээр энэ үеэрээ УБ чуулгын уран бүтээлчдэд Австралийн уугуул иргэдийн хөгжим, бүжгийн чиглэлээр сургалт явуулж, туршлага солилцоно.  Мөн 6 дугаар сарын 25-нд Блю Мүүн уран зургийн галерейд нээлтээ хийх “Эртний мастерууд: Австралийн холтосны агуу зураачид” зургийн үзэсгэлэнд оролцож, уран бүтээлээсээ толилуулна.

Зургийн үзэсгэлэнгийн талаар 

“Эртний мастерууд: Австралийн холтосны агуу зураачид” үзэсгэлэнд багтсан бүтээлүүд нь Австралийн соёлын үнэт өвд тооцогддог. Австралийн Үндэсний музейн цуглуулгад багтдаг эдгээр зургаар Австрали олон улсад явуулын үзэсгэлэн гаргасаар иржээ. Монгол дахь Австралийн Элчин сайдын яам тус үзэсгэлэнг Улаанбаатар хотноо 2017 оны 6 дугаар сарын 25-наас 29-ний өдрүүдэд Блю Мүүн галерейд гаргана. 

Австралийн хойд хэсэгт оршин суудаг Арнхем нутгийн уугуул иргэд хэдэн мянган жил бүтээж ирсэн холтос дээрх зургийг 20-р зууны сүүлээр дэлхийн урлагийн агуу уламжлал хэмээн хүлээн зөвшөөрчээ. Модны холтос дээр шороогоор зуурсан зосоор зурсан учир эдгээр зургийг газар эхийн бүтээл гэж хэлж болно.

1948 онд Лондон хотын “Таймс” сонинд хэвлүүлсэн нийтлэлд Австралийн Арнхем нутгийн уугуул зураачдыг “эртний мастерууд” гэжээ.  Арнхем нутгийн холтосны зураачид өнгөрсөн хэдэн арван жилийн хугацаанд дэлхийн урлагийн ертөнц, олон нийтийн анхаарлыг татах болсон. Холтсон дээрх зураачдын дараачийн үе зургийн урлаг, өв соёлоо шинэ чиглэлд баяжуулан, хөгжүүлж байна.  Үзэсгэлэнд толилуулж буй бүтээлүүд нь Арнхем нутгийн баруун, зүүн, төвийн бүсийн онцлогийг харуулсан. Баруун Арнхем нутагт бэлэг тэмдгийн дүрс түлхүү байр суурь эзэлдэг. Зүүн Арнхем нутагт геометрийн ба уламжлан тогтсон дүрс ашигладаг бол төв Арнхем нутагт зураачид энэ хоёр арга барилыг хослуулах хандлагатай. Эртний Мастерууд үзэсгэлэн гурван бүсийн холтсон дээрх зургийн томоохон сэдвүүд болох өвөг дээдсийн ертөнц, өөрийгөө хэн гэдгийг илэрхийлсэн байдал, орчин үеийн амьдралын талаарх бодролыг харуулна.