Австралийн Элчин сайдын яам
Монгол Улс

Хэвлэлийн мэдээ

Хэвлэлийн мэдээ

 

Австралийн Гадаад хэрэг, худалдааны яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам хоорондын зөвлөлдөх уулзалт болов

 

2024 оны 2 дугаар сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот. Монгол Улсын Гадаад харилцааны яам, Австралийн Холбооны Улсын Гадаад хэрэг, худалдааны яам хоорондын 5 дугаар зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулагдаж, монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, австралийн талаас Гадаад хэрэг, худалдааны яамны Өмнөд болон Төв Ази хариуцсан Тэргүүн туслах нарийн бичгийн дарга Сара Стори нар тус тус төлөөлөгчдөө ахалж оролцов.

Төлөөлөгчид бүс нутаг, дэлхийн хэмжээнд, ялангуяа Энэтхэг Номхон далайн бүс нутагт өрнөж буй үйл явцын талаар санал солилцож, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглэв. Хоёр улсын хоорондын “Өргөтгөсөн түншлэл”-ийн хүрээнд хоёр талын худалдаа, боловсрол, батлан хамгаалах, аюулгүй байдал, соёл, хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны хөгжил, боломжуудын талаар санал солилцсон юм. Төлөөлөгчид 2022 онд дипломат харилцаа тогтоосны 50 жил, 2023 онд Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн 30 жилийн ойг тэмдэглэж, иргэд хоорондын харилцаа бат бөх болохыг онцлон тэмдэглэв.

Харилцаа, хамтын ажиллагааны цар хүрээ өргөжин тэлж байгааг харгалзан Австрали, Монгол хоёр улс “Иж бүрэн түншлэл”- хүргэх баримт бичгийн төслийг ойрын хугацаанд эцэслэн тохирч, дээд, өндөр түвшний айлчлалын хүрээнд тунхаглан зарлаж, харилцааны түүхэн шинэ хуудсыг нээх чиглэлд онцгойлон анхаарч ажиллахаа нотлов.

Бид цаашид харилцан ашигтай эдийн засгийн хөгжил, төрөлжилтийг эрэлхийлэхийн зэрэгцээ хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаа идэвхтэй байгааг Австралийн тал онцлон тэмдэглэж, нүүрстөрөгчийг халах ажилд хамтран ажиллах боломжуудыг тэмдэглэв.

Боловсролын салбарт сүүлийн 30 жилийн хугацаанд Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр нь Монголын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулж байгаа билээ. Австрали Улс энэ жил тэтгэлгээ 50 хувиар өсгөснөө онцолж, цаашдын өсөлтийг бий болгох зорилт тавьжээ.

Австрали Улс манай хоёр талын батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг өндрөөр үнэлж, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг хангахад хувь нэмрээ оруулах Монгол Улсын энхийг сахиулах үйлсэд тууштай, өргөн цар хүрээтэй үүрэг гүйцэтгэж байгааг сайшаав. Австрали Улс Монгол Улсын Батлан хамгаалах яамыг цэргийн болон англи хэлний сургалтад тулгуурлан чадавхжуулах замаар үргэлжлүүлэн дэмжиж буйгаа онцоллоо.

Цаашлаад төлөөлөгчид хоёр талын хамтын ажиллагаа, олон талт хамтын ажиллагаа гүнзгийрч байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, жендерийн тэгш байдал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Монгол Улс Агаарын тээврийн хэлэлцээр, Нийгмийн даатгалын гэрээ байгуулах, ажлын болон амралтын визний хөтөлбөрийг өргөжүүлэх хүсэлтэй байгааг Австрали тэмдэглэв.

Австрали, Монгол Улстай хэрэгжүүлэх хөгжлийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд дэвшүүлж буй арга барил, амлалтыг Монголын тал сайшааж, Монгол Улсын хөгжлийн зорилт, Австралийн хэрэгжүүлэх арга барил хоорондоо нягт уялдаатай байгааг тэмдэглэв. Мөн төлөөлөгчид хүний эрх, жендерийн тэгш байдлыг хангах амлалтын талаар санал солилцсон юм.

Зөвлөлдөх уулзалтын хүрээнд Монгол Улсын Үндэсний статистикийн хороо болон Австралийн Статистикийн хороо хооронд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.

Хоёр тал 2014 оноос хойш ГХЯ хоорондын зөвлөлдөх уулзалтын механизмтай болсон бөгөөд тус механизм нь Монгол, Австралийн харилцааны байдал, төлөвийн талаар санал солилцох, хамтын ажиллагааны тодорхой асуудлууд болон олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлаар өргөн хүрээнд ярилцаж, уялдаа холбоог хангахыг зорьдог билээ.

Австралийн үндэсний өдөр

2024 оны 1-р сарын 26

Улаанбаатар хот. Австралийн албан ёсны үндэсний өдрийг жил бүрийн 1-р сарын 26-нд тэмдэглэдэг бөгөөд энэ баяр нь Австрали Улсын үндэстний олон янз байдлыг онцолсон баярын өдөр юм. Дэлхий дахинд байгаа австраличууд гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо нэгдэж, "Тунгаах, Хүндэтгэл. Тэмдэглэх.'" урианы дор цугларан тэмдэглэдэг бахархлын өдөр юм.

Австралийн уугуул иргэд нь манай үзэсгэлэнт газар нутгийн уламжлалт эзэд бөгөөд Австралийн баялаг түүхийн салшгүй чухал хэсэг билээ. Энэхүү баярын өдрөөр Австрали үндэстний онцлог шинж чанарын чухал хэсэг болсон Абориген болон Торрес Стрейт арлын уугуул ард түмний түүх соёл, ололт амжилтыг хүн бүр бахархан тэмдэглэхийн зэрэгцээ шинээр иргэншил авч буй австраличуудыг онцлон тэмдэглэдэг уламжлалтай.

Австралийн Элчин Сайдын Яамнаас манай улсын үндэсний өдрийг тохиолдуулан манай ойрын түнш байгууллагууд, Монголд амьдардаг австраличууд болон Австралид төгсөгчдөд оролцоотой Австралийн өдөрт зориулсан арга хэмжээг зохион байгуулсан юм.

“Австралийн үндэсний баярын өдөр нь Австрали хүн байхын утга учрыг тунгаах боломжийг бидэнд олгодог юм. Энэ өдрөөр бид өөрсдийн түүх соёлоо эргэн дурсаж, дэлхий дахинд буй австраличуудтай цуглаж, эх орондоо хүндэтгэл үзүүлдэг билээ. Орчин үеийн, хүртээмжтэй нийгэм бүтээхийн төлөө ард түмэн, соёл, газар нутгийнхаа гэх олон талт баялгийг бид онцлох нь зүйтэй,” гэж Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэйти Смит онцоллоо.

Монгол Улсын бахархалтай гуравдагч хөршийн хувьд Австрали Улс иргэд хоорондын бат бэх хэлхээ холбоо, улс төрийн харилцаа улам бүр гүнзгийрэн хөгжиж байгаад талархалтай байдаг болно. 750 гаруй төгсөгчтэй Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг 30 жилийн турш амжилттай хэрэгжиж байна. Хоёр талын хамтын ажиллагаа худалдаа, уул уурхай, боловсролын салбарт тууштай өргөжин хөгжиж ирсэн. Австралийн компаниуд Монгол Улсад чанартай хөрөнгө оруулалт, ажлын байр, ур чадварын хөгжлийг бий болгож байгаад баяртай байдаг. Австрали, Монгол хоёр улс мөн жендерийн тэгш байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоо, уур амьсгалын өөрчлөлт, залуучуудыг чадавхжуулах чиглэлээр эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг дэмжихэд хамтран ажиллаж байна

 

Хөх тэнгэр, өргөн уудам нутагтай Австрали, Монгол хоёр улс 50 жилийн нөхөрлөлийн ойгоо тэмдэглэж байна

Элчин сайд Кэйти Смит

Өнөөдөр Австрали, Монголын хоёр талын харилцаанд чухал онцлох цаг үе тохиож байна. Эдүгээгээс 50 жилийн өмнө 1972 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Австрали Улсын Засгийн газар Монгол Улстай дипломат харилцаа тогтоосон билээ. Энэхүү түүхэн ач холбогдолтой өдрийг тэмдэглэж байхдаа бид хоёр талын харилцааны түүхийн талаар санал бодлоо хуваалцах учиртай.

Хүйтэн дайны ид оргил үед тогтоосон дипломат харилцаа нь манай хоёр улсын төр засаг ямар зоримог алхам хийсэн болохыг гэрчилнэ. 1994 онд Австрали Улсын төрийн тэргүүн, амбан захирагч Билл Хэйдэн Монгол Улсад айлчлал хийх хүртэл манай хоёр улсын харилцаа алгуурхан хөгжиж байлаа. Энэхүү түүхэн айлчлалын дараа 1997 онд ардчилсан сонгуулийн дүнгээр сонгогдсон Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П. Очирбат Австрали Улсад айлчилсан билээ. Эдгээр харилцан айлчлал нь Монгол Улс бие даасан ардчилсан улс болж үүссэний дараахан болсон юм.

2007 онд Гадаад харилцааны сайд Александр Даунерийн айлчлалын үеэр Австрали Улс Монгол Улстай “өргөтгөсөн түншлэл”-ийн баримт бичиг байгуулж, Монгол Улсын “гуравдагч хөрш”-ийн нэг болсон билээ. 2008 онд Канберра хотноо Монгол Улсын Элчин сайдын яам, 2011 онд Улаанбаатар хотноо манай улсын Консулын газар нээгдсэнээр манай хоёр талын харилцаа улам гүнзгийрэн хөгжсөн юм. Ерөнхий сайд С. Батболд тэр жил Австрали Улсад айлчлал хийсэн Монгол Улсын анхны Засгийн газрын тэргүүн болсон бөгөөд тухайн үеийн Ерөнхий сайд Жулиа Гиллард түүнийг элэгсэг дотноор хүлээн авсан. Манай хоёр талын харилцаа улам бэхжиж, бизнесийн сонирхол, оролцоо нэмэгдсэнээр 2015 онд Монгол Улсад Австрали Улсын Элчин сайдын яам байгуулагдсан юм.

Манай хоёр улсын харилцаа харилцан хүндлэл, хамтын ашиг сонирхолд тулгуурлах зарчмаар хөгжиж ирлээ. Манай хоёр улс, хүмүүсийн хувьд нийтлэг зүйл их байдаг. Бид олон улсын дүрэм, хэм хэмжээг хөхүүлэн дэмжихийн төлөө чармайн ажиллаж байна. Манай хоёр улс их төлөв эрдэс баялагт, ач холбогдолтой ашигт малтмалд улам бүр түшиглэн хөгжиж ирсэн зах зээлийн эдийн засагтай билээ. Нэгдсэн Үндэстний Байгууллага, олон улсын чуулга уулзалт дээр бид бие биеийнхээ зорилго, хүсэл эрмэлзлийг тууштай дэмжиж ирлээ.

Монгол Улс ардчилсан замаар хөгжих зоримог сонголт хийснийг Австрали Улсын Засгийн газар идэвхтэй дэмжиж, 1993 оноос Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. 2023 онд бид Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн 30 жилийн ойг тэмдэглэх юм. Монголын төр, хувийн хэвшил, идэвх зүтгэлтэй иргэний нийгэмд чухал үүрэгтэй ажиллаж буй 700 гаруй “Mozzies” буюу төгсөгчөөрөө бахархаж байлдаг.

Бид энх тайван, тогтвортой, аюулгүй, цэцэглэн хөгжиж буй Энэтхэг-Номхон далайн бүс нутагт хамтын зорилготой нягт хамтран ажиллаж байна. Манай хоёр улсын зэвсэгт хүчин Koсово, Сьерра Леон, Өмнөд Судан зэрэг дэлхийн улс орнууд дахь энхийг сахиулах ажиллагаа, Афганистан, Ирак дахь эвслийн ажиллагаанд хамтран оролцож ирлээ. Манай хоёр улсын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нар жил бүр Энэтхэг-Номхон далайн Зэвсэгт хүчний жанжин штабын дарга нарын бага хуралд оролцож, хамтын ажиллагаа, харилцан сонирхсон асуудлаар санал солилцож ирлээ. Цаашилбал, бид саяхан Улаанбаатар хотноо хоер талын батлан хамгаалах салбарын бодлого талаарх зөвлөлдөх уулзалтыг үр дүнтэй зохион байгууллаа.

Энэхүү онцлох жилийг тохиолдуулан Австрали Улс хөгжлийг хөхүүлэн дэмжих, ядуурлыг бууруулах чиглэлийн шинэлэг үйл ажиллагааг хэрэгжүүлэх зорилгоор Монголын 10 байгууллагад тусламж үзүүлж байна. Австрали, Монгол хоёр улс энэхүү тусламж төдийгүй манай улсын Хөгжлийн бичил хөтөлбөрийн тусламжаар жендэрийн тэгш байдал, хүртээмжтэй хөгжлийг тууштай дэмжин ажиллаж байна.

Австрали, Монгол хоёр улс хүнд бэрх үед бие биеэ дэмжиж ирсэн. Монгол Улс 2019-2020 онд Австралид гарсан ойн түймрийн хор нөлөөлийг арилгахад хувь нэмэр оруулсан ба Австрали Улс Монголд зуд болоход шуурхай тусламж үзүүлж ирсэн. Цар тахлын үед бид иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах, эх орондоо буцааж ирүүлэх зорилгоор нягт хамтран ажилласан. Бид Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран Монголд цар тахалтай тэмцэхэд нь дэмжлэг үзүүлж ирсэндээ бахархалтай байдаг. Манай хоёр улс Гамшгийн эрсдлийг бууруулахыг тэргүүлэх чиглэл болгож ирсэн. Австрали Улс ирэх долоо хоногт гамшгийн эрсдлийг бууруулах асуудлаар зохиогдох Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын сайд нарын бага хуралд Монголын томоохон бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг хүлээн авах гэж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах нь манай хоёр улсын эн тэргүүний зорилт юм. Австрали Улс 2030 онд гэхэд нүүрстөрөгчийн ялгаралтыг 2005 оны түвшнээс 43 хувиар бууруулах шахуу зорилтыг дэвшүүлсэн бөгөөд улмаар 2050 он гэхэд ялгаралтыг бүрэн тэглэж, 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний Австралийн үндэсний эрчим хүчний зах зээлд эзлэх хувийг 82 хувь хүргэх зорилт тавьсан. Монгол Улс ч эрчим хүчний шилжилт хийхийн төлөө ажиллаж байгаа бөгөөд бид энэ чиглэлээр төр засгийн төлөөлөгчид солилцох, Монголд Австралийн бизнесийн хөрөнгө оруулалт хийх замаар хамтран ажиллаж эхэллээ.

Манай хоёр талын харилцааны гол хэсэг бол хүмүүс хоорондын харилцаа юм. Австралид 6,500 орчим монгол иргэн, Монгол Улсад 650 орчим австрали иргэн аж төрж байна. 60 гаруй Австралийн компани Монголд үйл ажиллагаа эрхэлж, мэдлэг, чадвараа хуваалцаж, олон монголчуудыг ажлын байраар хангаж байна. Австрали Улсын Засгийн газрын сайн дурын хөтөлбөрөөр хүний чадавхийг хөгжүүлэхийг хөхүүлэн дэмжиж, 1989 оноос хойш олон зуун австраличууд Монголд сайн дураараар ирж ажиллаж ирсэн. Цаашид ажиллах, зорчих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор манай хоёр улс энэ оны 7 дугаар сард шинээр Ажил, амралтын виз олгох болсноо зарласан бөгөөд олон хүмүүс виз авч байна.

Уул уурхайн салбар Австралийн эдийн засгийн тулгын чулуу болж ирсэн бөгөөд сайн удирдлага зохион байгуулалт бүхий олборлох салбарын эдийн засгийн үр өгөөж их байдаг. Монголын уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхэлж буй Австралийн компаниуд чанартай хөрөнгө оруулалт, технологи, туршлага, хамгийн чухал нь гадаадын шууд хөрөнгө оруулалт оруулж байна. Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 30 гаруй хувийг бүрдүүлэх төлөвтэй байгаа Оюутолгой төсөлд гол анхаарал хандаж байгаа бол Австралийн компаниуд ч нүүрсний давхаргын хий, ногоон устөрөгчийн хайгуул зэрэг бусад салбарыг хөгжүүлэхийг зорьж байна.

Манай хоёр улс соёлын баялаг, өвөрмөц өвийг эрхэмлэдэг. Австрали Улс уугуул иргэдийн үзэл бодол, дадлага, туршлагыг гадаад бодлогоо тусгахын төлөө ажиллаж байгаа бөгөөд уугуул иргэдийг төлөөлөх Элчин сайдыг томилох юм. Бид өөрсдийн хосгүй соёлыг хадгалж хамгаалах, оруулж буй хувь нэмрий нь сайшаан дэмжих талаар туршлага солилцох хүсэлтэй байна.

Өнгөрсөн 50 жилийг эргэн харахад манай хоёр улсын төр засаг дипломат харилцаа тогтоох алсын хараатай ажилласан нь манай хоёр улсад харилцан ашигтай, маш сайн шийдвэр байсан нь тодорхой байна. Энэ нь цаг хугацааны шалгуурыг маш сайн туулж ирсэн. Австрали, Монгол хоёр улсын дипломат ба хоёр талын гүн гүнзгий, бат бэх харилцаанд түшиглэж, бидний стратеги, улс төр, эдийн засаг, хөгжлийн харилцаа ирэх 50 жилд улам гүнзгийрэн хөгжих нь дамжиггүй.

Австрали Улс, Азийн сан хамтран монгол эмэгтэй бизнес эрхлэгчдийг КОВИД-19 цар тахлын үеэр дэмжих хөтөлбөрийг эхлүүллээ

2021.05.20

Улаанбаатар хот. Австрали Улс, Азийн сан хамтран Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих, КОВИД-19 цар тахлын улмаас тэдэнд тулгамдаж буй эдийн засаг, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэх зорилготой 391,000 австрали долларын буцалтгүй тусламжийн хөтөлбөрийг албан ёсоор эхлүүллээ. Тус хөтөлбөр нь Австрали Улсын “Түншлэлд суурилсан сэргэлтийн төлөвлөгөөний” хүрээнд Улаанбаатар хот, Орхон, Дархан-Уул, Өвөрхангай аймгуудад ажиллаж амьдарч байгаа эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжих зорилготой юм.

Гэрээ солилцох ёслолд Австралийн Засгийн газрыг төлөөлж Австрали Улсаас Монгол Улсад суугаа Түр хамаарагч ноён Нейл Сандерсон, Азийн сангаас Монгол дахь суурин төлөөлөгч ноён Марк Кэйниг нар оролцов. Тус хөтөлбөрийн хүрээнд дараах дөрвөн үйл ажиллагааг төслийн хамтрагч байгууллагууд хэрэгжүүлнэ:

• Цар тахлын үед ихсэж байгаа гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх арга хэмжээг эрчимжүүлэх сургалт, сурталчилгааны ажил;

• Цар тахлын үед өөрчлөгдөж буй зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан бизнес төлөвлөгөөгөө шинэчлэх, дасан зохицоход нь эмэгтэй бизнес эрхлэгчдэд туслах санхүүгийн дэмжлэг;

• Бизнес эрхэлж буй болон эрхлэх эрмэлзэлтэй эмэгтэйчүүдэд мэргэжлийн зөвлөгөө өгөх;

• Цар тахлын улмаас сэтгэлийн хямрал, стресс болон сэтгэцийн дарамтад орсон эмэгтэйчүүдэд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх.

“КОВИД-19 цар тахал нь манай бүс нутгийг бүхэлд нь хамарсан эрүүл мэнд, нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөө үзүүлж байгаа билээ. Нэн ялангуяа охид, эмэгтэйчүүд цар тахлын сөрөг нөлөөнд харьцуулшгүй хэмжээгээр өртсөөр байна. Түүнчлэн, цар тахал нь жендерийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, тэдний манлайлал, аюулгүй байдлыг сайжруулах тал дээр олсон ахицыг ухраах эрсдэл өндөр байна. Монгол Улсын түншийн хувьд Австралийн Засгийн Газар нь эдгээр ололт амжилтуудыг алдахгүйн тулд хамтран ажиллаж байгаад баяртай байна," хэмээн ноён Сандерсон онцоллоо. "Бид Азийн сантай хамтран бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжиж байгаа нь цар тахлын дараах сэргээн босголт нь охид, эмэгтэйчүүдэд өгөөжтэй байх чухал шаардлагыг хангахад чиглэсэн болно.”

Ноён Марк Кэйниг “Азийн сангийн түншүүд болон Эмэгтэйчүүдийн бизнесийн төвийн үйлчлүүлэгчдийн өмнөөс энэхүү цагаа олсон, оновчтой санаачилга гаргасан Австрали Улсад талархал илэрхийлье. Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд сүүлийн жилд асар их бэрхшээлтэй нүүр тулсан бөгөөд эдгээр бэрхшээлүүд одоо ч байсаар байна.  Монголын бизнесийн салбарыг сэргээн босгох, цар тахлын уршгаар өөрчлөгдсөн бизнесийн орчинд дасан зохицох, тулгарч буй сорилтуудыг даван туулах, цаашдын өсөлтийг хангах шаардлага өнөөдөр хурцаар тавигдаж байна. Энэхүү хөтөлбөрийн онцлог нь хувийн болон ажил, мэргэжлийн түвшинд цар тахлын улмаас үүссэн бэрхшээлүүдийг цогцоор даван туулах шаардлагыг харгалзан хэрэгжихэд оршиж байгаа юм.”

Азийн сан нь Ази тивд хөгжлийг дэмжих зорилго бүхий ашгийн бус, төрийн бус, олон улсын хөгжлийн байгууллага юм. Төр, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагуудтай хамтран засаглал, эдийн засгийн хөгжил, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, байгаль орчныг хамгаалах, бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

АВСТРАЛИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР 8 ТӨСӨЛ САНХҮҮЖҮҮЛНЭ

2018.08.24

Улаанбаатар хот. Австралийн Элчин Сайдын Яамнаас зарладаг “Бичил Төслийн Хөтөлбөр”-ийн 2018-2019 оны сонгон шалгаруулалтын дүн гарлаа. Сонгон шалгаруулалтад нийт 197 байгууллага оролцсоноос 8 байгууллага шалгарч төсөл хэрэгжүүлэх боллоо.

Үүнд:

1.      Онцгой Байдлын Ерөнхий Газар Сэлэнгэ, Хэнтийн зарим суманд ой, хээрийн түймэртэй тэмцэх орон нутгийн иргэдийн сайн дурын бүлгүүдийг байгуулж, шаардлагатай хувцас, багаж төхөөрөмжөөр хангах, сургалтад хамруулах, бодлого, журмыг бүрдүүлэх цогц үйл ажиллагаа бүхий төсөл хэрэгжүүлнэ.

2.      Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа Мэс засал, яаралтай тусламжийг чадавхжуулах төвөөс Өмнөговь аймгийн Ханбогд дахь Сум дундын эмнэлгийн эмч, сувилагч нарыг гэмтэл согог, эх барих чиглэлээр яаралтай мэс засал хийх, тусламж үзүүлэхэд сурган ур чадвар, мэдлэгийг нь нэмэгдүүлэх юм. Тус төсөл нь Австралийн Элчин Сайдын Яам, НҮБ-ын Хүн Амын Сан, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, НҮБ-ын  Хүүхдийн Сан, Оюу Толгой Говийн Оюу Хөгжлийн Сан, Монгол Улсын Засгийн Газар болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, ТББ-ууд хамтран хэрэгжүүлэх Өмнөговь аймгийн хүн амын эрүүл мэндийг дэмжих цогц дэмжлэг хөтөлбөрийн нэг хэсэг юм.

3.      Өмнөговь Аймгийн Эрүүл Мэндийн Газраас хэрэгжүүлэх төслөөр Ханбогд, Хүрмэн сумын иргэдэд эрүүл мэндийн явуулын тусламж үйлчилгээ үзүүлэх чадавх бүрдэнэ. Өмнөговь аймгийн хүн амын эрүүл мэндийг дэмжих цогц дэмжлэг хөтөлбөрийн бас нэг бүрэлдэхүүн хэсэг болох энэ төслөөр эхо зураг, зүрхний цахилгаан бичлэг хийх, цусны даралт хэмжих зэрэг үйлчилгээг иргэдэд үзүүлэх бодит боломж бүрдэнэ.

4.      Монголын Хүйсийн Тэгш Байдлын Төв нь Орхон, Сэлэнгэ аймгуудын эрүүл мэнд, нийгэм, цагдаагийн албаны ажилтнуудад хүйсэд суурилсан гэмт хэрэгтэй нэгдсэн байдлаар тэмцэх чиглэлээр сургалт, уулзалтууд зохион байгуулж, ийм гэмт хэрэгт өртөн хохирогдогсдод иж бүрэн туслалцаа үзүүлнэ.

5.      Хөвсгөл Аймгийн Нэгдсэн Эмнэлгээс хэрэгжүүлэх төслийн дүнд Мөрөн сумын 0-5 насны хүүхдүүдийн түлэгдэлтийн түвшинг бууруулж, эмчилгээний чанарыг нэмэгдүүлнэ. Төслөөр эмч, сувилагч нарыг сургалтад хамруулах, эмчилгээний зарим тоног төхөөрөмжөөр хангах, эцэг эх, сургууль цэцэрлэг, олон нийтийн дунд нөлөөллийн арга хэмжээ зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулна.

6.      Завхан аймгийн Дөрвөлжин сумын эрүүл мэндийн төв цус, шээсний суурь шинжилгээ хийх багаж төхөөрөмж, дутуу нярай хүүхдийг бойжуулах инкубатортай болсноор тус сумын 2200 иргэд сумандаа суурь шинжилгээ өгөх боломжтой болохоос гадна дутуу төрөлтөөс үүдэлтэй нярайн эндэгдлийг бууруулах нөхцөл бүрдэнэ. 

7.      ЛГБТ Төв бэлгийн цөөнх иргэдийн эсрэг ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэх зорилгоор нөлөөллийн цогц үйл ажиллагаа явуулна.

8.      Ноён Спорт Клуб Улаанбаатар хотын 6 ерөнхий боловсролын сургуульд гар бөмбөг/волейбол/-ийн клуб ажиллуулж,  120 хүүхдийг хичээллүүлнэ. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг клубуудад хамруулах бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд гар бөмбөгийн хичээл заах, сургах, ажиллах арга барилд 18 дасгалжуулагч багш нарыг сургана.

____________________________________________________________________________________________________

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд оролцоно

2018.07.03

Сенатын гишүүн, Олон улсын хөгжил, Номхон далайн асуудал эрхэлсэн сайд, эрхэмсэг хатагтай Кончетта Фиерраванти-Уэлс 2018 оны 7 дугаар сарын 3-6 өдрүүдэд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдах Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хуралд (ГЭБАСБХ) оролцоно.                          

ГЭБАСБХ 2018-д оролцох нь Австрали улсын хувьд чухал ач холбогдолтой. Бага хурлын үеэр Монгол улс ГЭБАСБХ-ыг 2020 онд зохион байгуулах эрхийг Австрали улсад шилжүүлэн өгөх юм.       

“Энэтхэг-Номхон далайн баруун хэсэг нь байгалийн гамшигт хамгийн их өртдөг бүсэд тооцогддог. 2017 онд болсон 200 гаруй удаагийн байгалийн томоохон гамшигт ойролцоогоор 66.7 сая хүн өртөж, 6.500 орчим хүн амь насаа алдсан юм. Австрали улс ГЭБАСБХ-д идэвхтэй оролцож байгаа нь дэлхий нийтэд тулгарч буй гамшгийн эрсдэлийг бууруулахад Австралийн Засгийн газрын зүгээс дэмжлэг туслалцаа үзүүлж буйн нэг илрэл юм” гэж Сенатын гишүүн Кончетта Фиерраванти-Уэлс хэлжээ.               

Бага хуралд Сенатын гишүүн Кончетта Фиерраванти-Уэлс нь Гадаад хэрэг, худалдааны яам, Дотоод хэргийн яам болон Австралийн Газарзүйн шинжлэх ухааны байгууллагын төлөөллийг ахалж оролцоно. Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн 45 орны сайд, өндөр албан тушаалын төлөөлөл оролцсон энэ бага хурлаар Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ 2015-2030 бодлогын баримт бичгийн хэрэгжилтийн талаар хэлэлцэж, Улаанбаатарын Тунхаг бичгийг батална.     

Айлчлалын үеэр сайд Монголын уул уурхай, эрдэс баялгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй Австралийн бизнесийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзах, Австрали улсаас хэрэгжүүлж буй 11.6 сая долларын тусламжийн хөтөлбөр, үүнд орон нутгийн хөтөлбөрүүд болон Монгол улсаас Австрали улсад тэтгэлгээр суралцагчдад дэмжлэг үзүүлэх талаар санал солилцоно.    

 

____________________________________________________________________________________________________

“Тэгш эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэцгээе” жендерт суурилсан хүчирхийллийн 2017 оны судалгааны нээлтэд хэлсэн үг

2018.06.18

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн, УИХ-ын гишүүн, А.Ундраа, Үндэсний статистикийн газрын дарга хатагтай А.Ариунзаяа, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахара, Швейцарийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллагын орон нутгийн захирал хатагтай Габриелла Спирли, бусад зочид төлөөлөгч, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл, хатагтай ноёд та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе!

Монгол улс дахь жендерт суурилсан хүчирхийллийн (ЖСХ) 2017 оны үндэсний судалгааг танилцуулахаар та бид өнөөдөр энд цуглаад байгаа билээ.  2016 оны 6 сард эхлүүлсэн энэ судалгааны ажилд нийт 21 аймаг, 9 дүүргийн 100 гаруй монгол эмэгтэй бодитой, үнэн зөв баримт нотолгоо цуглуулахаар нэг баг болж, амжилттай ажиллалаа.  Тус баг Монгол улсын хэмжээнд 7300 эмэгтэйг хамруулан судалгаа явуулж, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаарх бодит тоо баримт, мэдээллийг анх удаа иж бүрэн байдлаар нэгтгэн боловсруулаад байна. Судалгааны үр дүн, урьдчилсан дүгнэлтээс харахад ЖСХ (жендерт суурилсан хүчирхийлэл) болон гэр бүлийн хүчирхийлэл нь өнөөдрийн Монголын нийгэм дэх тулгамдсан асуудал болжээ.  Чухамдаа энэ асуудал зөвхөн Монгол улсын хэмжээнд тулгарч байгаа асуудал биш юм. Манай орон болон бусад улсад ч энэ асуудал байсаар байна.  Учир нь ЖСХ, гэр бүлийн хүчирхийлэл нь эмэгтэйчүүд, хүүхдийн эрх, тэдний бие, сэтгэцийн эрүүл мэнд, нийгмийн сайн сайханд сөргөөр нөлөөлдөг. Эдгээр асуудал нь цаашлаад Монгол улсын иргэний нийгэм, эдийн засгийн хөгжил дэвшилд ч саад учруулдаг.  ЖСХ, гэр бүлийн хүчирхийллийн асуудалд бүх нийтээр анхаарал хандуулж, дорвитой арга хэмжээ авах ёс зүй, нийгэм эдийн засгийн зайлшгүй шаардлага тулгараад байна. Үүний тулд бидэнд нэн түрүүнд нотолгоонд суурилсан бодлого хэрэгтэй.  Иймд ЖСХ, гэр бүлийн хүчирхийлэл нийгэмд ихсэж буй шалтгаан, гарч буй үр дагаврын талаар сайтар судалж мэдэх зайлшгүй шаардлага бий болсон билээ. Энэ судалгаанд дээрх асуудлуудыг цогц байдлаар, үнэн зөв баримтад тулгуурлан хамруулж өгсөн нь сайшаалтай.

Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030 -д жендерийн тэгш эрхийн асуудлыг дараах байдлаар тодорхойлсон байдаг. Жендерийн тэгш эрхийн асуудал нь нийгмийн сайн сайхан ирээдүй, тогтвортой хөгжил, шударга ёсыг хангахад нэн чухал үүрэгтэй.  Тулгарч буй асуудлын талаарх бодитой судалгаа, статистик мэдээлэл, хэрэгжүүлж буй үйл ажиллагааны эцсийн үр дүн гарахгүй бол бид Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030 – ийг амжилттай хэрэгжүүлэх боломжгүй. Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаарх судалгаа, үнэн бодит нотолгоо бүхий мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх тал дээр Австрали улс үүрэг хүлээж санаачилгатай ажиллаж байна.  Австрали улс энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд НҮБ-ын Хүн амын сан, ДЭМБ, Щвейцарийн Олон улсын хөгжлийн агентлаг болон Монголын иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран амжилттай ажиллаж байгаад Австрали улсын Элчин сайд миний бие их баяртай байна.  Эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл нь Монгол улсын хувьд нэн тэргүүнд авч хэрэгжүүлэх асуудал учир тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монгол улсын Засгийн газартай хамтран ажиллаж байгаадаа бид бүхэн талархаж байна.  Австралийн Засгийн газар нь хөтөлбөр хэрэгжүүлэх үндсэн зорилго, зорилтоо нэгэнт тодорхойлсон бөгөөд үүнд том жижгээс үл хамаарч, нийт тусламжийн хөтөлбөр хэрэгжилтийн наяас доошгүй хувьд жендерийн асуудлыг тусгах зорилго тавьсан.  Австрали улс нь жендерийн тэгш эрхийн хөтөлбөрийг эрчимжүүлэх, тусламжийн хөтөлбөрт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн онд Жендерийн тэгш эрхийн сан байгуулсан. Тус сангийн энэ оны санхүүгийн жилийн нийт төсөв 55 сая Австрали доллар байхаар баталсан. Жендерийн тэгш эрхийн сан нь эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийг зогсоох, эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжих зэргээр жендерийн тэгш эрхийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх олон улсын хүчин чармайлтыг дэмжиж ажилладаг.

Бидний санхүүжилтээр хэрэгжүүлсэн зарим санал, санаачилга, хөтөлбөр, үйл ажиллагаанаас дурдъя.

Хүчирхийлэлд өртсөн охид, эмэгтэйчүүдэд анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх НҮБ-ын хамтарсан хөтөлбөр – хүчирхийлэлд өртсөн охид, эмэгтэйчүүдэд хохирогч, даван туулагч төвтэй тусламж, үйлчилгээг олон улсын стандартад нийцсэн түвшинд үзүүлэх.

НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгээр хэрэгжүүлсэн нэг цэгийн үйлчилгээний төвүүд – гэр бүлийн хүчирхийлэлд өртөгсдөд сэтгэл зүй, эрүүл мэнд, хамгаалалтын нэгдсэн үйлчилгээ үзүүлэх.    

Мөн 2016 онд батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийн шинэчилсэн хувилбарт бид зөвлөмж өгч ажиллаж байна.  Энэ хууль болон бусад холбогдох хууль нь Монгол улсын хэмжээнд ЖСХ, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох юм.  Монгол улсын Засгийн газар, олон улсын байгууллага, бусад оролцогч тал цаашид авч хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээг зөв тодорхойлж, амжилттай хэрэгжүүлэхэд энэ судалгааны үр дүн, үнэн бодит тоо баримт ихээхэн ач холбогдолтой юм.  Энэ судалгаа нь Гэр бүлийн хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах Монгол улсын үндэсний хөтөлбөр-ийг идэвхжүүлж, амжилттай хэрэгжүүлэхэд түлхэц болно гэдэгт миний бие итгэж байна.  УИХ-ын гишүүн А.Ундраагийн нээлтийн үеэр хэлсэн үгэнд миний бие их талархаж байна. Тэрээр “УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо энэ судалгаанд ач холбогдол өгч, цаашид анхаарч ажиллах болно” гэж хэлсэн билээ.  Эцэст нь хэлэхэд Австрали улс жендерт суурилсан хүчирхийллийн бүх хэлбэрийг зогсооход Монгол улстай хамтарч, дэмжин ажиллах болно гэдгээ мэдэгдэж байна.  Та бид эмэгтэйчүүд, хүүхдүүд, цөөнхийн эрхийг хамгаалахын тулд өөрсдийн зүгээс чадах бүхнээ хийх хэрэгтэй байна. Ялангуяа төрийн удирдах албаны хүмүүс энэ тал дээр илүү ач холбогдол өгч, анхаарч ажиллах шаардлагатай байна.  Монгол улс жендерт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийлэлгүй улс орон болохын төлөө та бид, бүгд хүчээ нэгтгэцгээе!

Та бүхэнд амжилт хүсье!

____________________________________________________________________________________________________

Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийн төлөө Говийн Оюу хөгжлийг дэмжих сан  НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай хамтран ажиллаж эхэллээ

2018.4.27

Даланзадгад, Монгол улс – Говийн Оюу хөгжлийг дэмжих сангийн гүйцэтгэх захирал С. Эрдэнэбат, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара нар өнөөдөр Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжихэд санхүүжилт хуваарилах гэрээнд гарын үсэг зурлаа.

Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, өсвөр үе, залуучуудын эрүүл мэнд ихээхэн санаа зовоож байна. 2016 онд эхийн эндэгдэл 100 000 амьд төрөлт тутамд 212.9 байсан нь улсын дунджаас ихээхэн өндөр үзүүлэлт юм. Сүүлийн жилүүдэд тус бүс нутагт томоохон уул уурхайн үйл ажиллагааны улмаас уг аймагт ирэх хүн ам эрс нэмэгдэж, улмаар зам тээврийн осол, бэлгийн замаар дамжих халдвар ихэссэн байна.

Үүнийг шийдвэрлэхийн тулд Оюу толгой компанийн санхүүжүүлдэг Говийн Оюу хөгжлийг дэмжих сангаас НҮБ-ын Хүн амын сан, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан, Монгол Улсын Засгийн газар болон Австралийн Засгийн газрын хамтарсан “Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөр”-ийг дэмжихээр болсон билээ. Нэгдсэн хөтөлбөр нь нийт 5,000,800 ам.долларын өртөгтэй бөгөөд үүний 1.7 сая ам.долларыг Оюу толгой компанийн санхүүжүүлдэг Говийн Оюу хөгжлийг дэмжих сан, 3.3 сая ам.долларыг НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, бусад түнш байгууллагууд санхүүжүүлнэ.

НҮБ-ын энэхүү хамтарсан хөтөлбөр нь Өмнөговьд үүсээд буй эрүүл мэнд, нийгмийн асуудлууд тухайлбал эмэгтэйчүүд, өсвөр үе, залуучуудын бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, залуусын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, халдварт бус өвчин, эрүүл мэндийн салбарын удирдлага, зохион байгуулалт, гэр бүлийн болон жендэрт суурилсан хүчирхийлэл зэрэг асуудлуудыг шийдвэрлэх зорилготой. Энэ хөтөлбөр нь мөн 2030 онд хүрэх Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилт, Өмнөговь аймгийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулна.

Гарын үсэг зурах ёслолын үеэр НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Китахара “Энэхүү хамтарсан хөтөлбөрийн хүрээнд иргэдэд эрүүл, аюулгүй амьдрах орчинг бүрдүүлж, эрүүл мэндийн боловсрол өөр олон зүйлийн талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлснээр Өмнөговь аймгийн ЗДТГ 2030 онд хүрэх Монгол улсын тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхээр манлайлж буй загвар аймаг болно” гээд Өмнөговь аймгийн эрүүл мэндийн салбарт хамтран дэмжлэг үзүүлэх үйл явцыг санаачилж, дэмжсэн Австралийн Элчин сайдын яаманд гүнээ талархаж байгаагаа илэрхийлэв.

Хамтарсан хөтөлбөрийн хүрээнд дараах зургаан гол үр дүнд хүрнэ. Үүнд:

  1. Эмэгтэйчүүд, өсвөр үе, залуучуудад зориулсан бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэж, чанар сайжирсан байна;
  2. Бэлгийн замаар дамжих халдвар, умайн хүзүүний хорт хавдрын тохиолдол буурсан байна;
  3. Халдварт бус өвчин түүний дотор умайн хүзүүний хорт хавдар, зам тээврийн ослоос үүдэлтэй гэмтлийг эмчлэх, илрүүлэх явдал сайжирсан байна;
  4. Орон нутгийн удирдлага, эрүүл мэндийн үйлчилгээ илүү сайжирч, хүртээмжтэй болно.
  5. Өсвөр үе, залуучууд чадавхижиж, залуучуудын бодлого, шийдвэр гаргах үйл явцад оролцдог болсон байна;
  6. Хүйсэд суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлж, хариу арга хэмжээ авах явдал сайжирсан байна.

Өмнөговь аймгийн иргэдийн амьдралыг сайжруулахын тулд НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, Австралийн элчин сайдын яам олон улсын туршлага, шинэлэг технологийг нэвтрүүлнэ.

Баяр хүргэж үг хэлэхдээ Австралийн элчин сайд Жон Лангтри “НҮБ-ын төрөлжсөн хэд хэдэн байгууллага, Австралийн тусламжийн байгууллага, Оюу толгой дахь Австралийн уул уурхайн ашиг сонирхол бүхий байгууллага, төрийн бус байгууллагууд, Монгол Улсын Засгийн Газар, аймаг, сумын удирдлагууд хамтран Өмнөговь аймгийн эрүүл мэндийн нэн чухал хэрэгцээг цогцоор нь шийдвэрлэхэд бид оролцож байгаадаа туйлын баяртай байна. Австралийн туршлагад тулгуурлан, Өмнөговийн өнөөгийн нөхцөл байдал, хэрэгцээнд уялдуулан алслагдсан бүс нутагт эрүүл мэндийн яаралтай тусламж үзүүлэх, бэлгийн эрүүл мэнд, умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх чиглэлээр тус аймагт тэргүүн туршлагуудыг нэвтрүүлэхэд бид бүхэн тодорхой хувь нэмэр оруулах боломжтой болов уу хэмээн найдаж байна” гэв.

Ёслолын ажиллагааг нээж НҮБ-ын суурин зохицуулагч Беате Транкман нэгдсэн хөтөлбөрийг дэмжиж, хэрэгжүүлэхээр талууд хамтран ажиллаж байгааг сайшаагаад “бидний өмнө томоохон бэрхшээлүүд байсаар байгааг мартаж болохгүй, энэ өдрөөс эхлэн бид нэг баг болон хамтран ажиллахын төлөө шаргуу зүтгэх нь бидний үүрэг” хэмээн цаашид хамтран ажиллахаар хүчин чармайлт гаргах хэрэгтэй байгааг онцоллоо.

Оюу толгой компанийн бүс нутгийн хөгжил, нийгмийн харилцаа эрхэлсэн ерөнхий менежер Ш. Байгалмаа “Бидний хамгийн их тулгамдсан асуудлуудын заримыг шийдэхээр олон байгууллага хамтран ажиллахаар болсон энэхүү нэгдсэн хөтөлбөр бол бид бүхний хүчин чармайлтын үр дүн юм. Өмнөговийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөрийг эхлүүлж байгаадаа Оюу толгой компани туйлын баяртай байна” гээд “Алслагдсан, эмзэг бүлгийнхэнд түлхүү анхаарахаар болсонд Оюу толгой компани баяртай байна. 2030 онд тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхийн төлөө хүчин чармайлт гаргаж, ажиллахыг уриалж буй НҮБ-ын уриалгыг бид дэмжиж байна. Иймд бид “нэг ч хүнийг ардаа орхилгүй” хөгжих хүчин чармайлтад нэгдэж байна” гэж мэдэгдэв.

Түншлэлийн давуу талыг онцолж Китахара нэмж “Говийн Оюу хөгжлийг дэмжих сангаар дамжуулан Oюу толгой компани нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгаа нь бусдад үлгэр дуурайл болохуйц загвар юм. Монголын олон нийтийн хөгжлийг дэмжиж Оюу толгой компани тууштай ажиллаж байгаад бид баяртай байна” гэв.

____________________________________________________________________________________________________

Хүртээмжтэй хөгжлийг түгээж, ядуурлыг бууруулах нь хэлэлцүүлэг

2017.12.5

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нийгмийн амьдралд идэвхтэй оролцох боломж нөхцөлийг олгосноор ядуурлыг бууруулах боломжтой.  Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах нь улс орны хөгжил хүртээмжтэй байгааг харуулж буй нэг хэлбэр юм. Хүртээмжтэй хөгжил, түүний хүрэх зорилтод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог хангаж хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох боломжийг илүү сайжруулах, улмаар тэдний нөөц боломжийг авч хэрэгжүүлэх асуудал хамаарна.    

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг тохиолдуулан, Австралийн Элчин сайдын яам, Австралид төгсөгч Монголчуудын Холбоо (Монгол-Австралийн нийгэмлэг) “Хүртээмжтэй хөгжлийг түгээж, ядуурлыг бууруулах нь” хэлэлцүүлгийг 12-р сарын 5-ны Мягмар гарагийн 18:00-20:00 цагт Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгууллаа.  Хэлэлцүүлэгт Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллуулдаг ТББ, хувийн хэвшлийн төлөөлөл оролцоно.

 

Цаг

Сэдэв

Илтгэгч

18:00-18:05

Яагаад хүртээмжтэй хөгжил чухал вэ?    

Австрали улсаас МУ-д суугаа Элчин    

сайд Жон Лангтри

18:05-18:15

Боловсрол эзэмшихэд тулгарч буй саад бэрхшээлүүд

Монголын Хараагүйчүүдийн нийгэмлэгийн тэргүүн Д.Гэрэл

18:15-18:25

Идэвхтэй хөдөлмөр эрхлэхэд гардаг бие, хандлага, харилцаа болон бодлогын хүндрэлээс ХБИ-ийг урьдчилан сэргийлэх нь 

Монголын тэргэнцэртэй иргэдийн холбооны тэргүүн Б.Ганбаатар, Сонсголын бэрхшээлтэй иргэдийн холбооны Тэргүүн Ц. Амарзаяа

 

18:25-18:35

Австралид сурч, хөдөлмөр эрхлэх талаарх төгсөгчийн туршлага

Австралид төгсөгч,ТЭСО Пропертис  ХХК-ийн хуульч С.Өсөхбаяр

 

18:35-18:45

ХБИ ажил эрхлэхэд учирдаг хүндрэлийг арилган, ажиллуулах нь

Австралид төгсөгч, “Оюу Толгой” ХХК-ийн Хөдөлмөрийн харилцааны менежер Л. Мөнх-Оргил

18:45-18:55

ХБИ-ийн сурч боловсрох, хөдөлмөрлөх             эрхийн тухай хуулийн хэрэгжилт   

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын ХБИ-ийг дэмжих хэлтсийн ахлах мэргэжилтэн, Доктор Д.Ганболд

18:55-20:00

Асуулт хариулт

Бүгд

 

____________________________________________________________________________________________________

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоо сургалт

2017.11.10

Улаанбаатар. Австралийн Засгийн газар хөгжиж буй орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад анхааран ажилладаг. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоог дэмжих “Бүгдэд хүртээмжтэй хөгжил: 2015-2020” стратегийг батлан, Австралийн тусламжийн хөтөлбөр, хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байна.   Австрали улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахдаа “Бидний асуудлыг бидний оролцоотой” гэсэн тулгуур зарчим баримталдаг. Улмаар тусламжийн хөтөлбөрүүддээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг оролцуулж, манлайллыг дэмжиж, хөгжлийн бүх үйл ажиллагаанд тэднийг хамруулахаар чармайн ажилладаг байна.

2017 оны 11 дүгээр сарын 10-ны Баасан гарагт Австралийн Гадаад хэрэг, худалдааны яам, “Си Би Эм Австрали” байгууллага, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын төлөөлөгчдөд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэгш оролцоо, хүртээмж” сургалт зохион байгууллаа.  Туушин “Бэст Вэстэрн” зочид буудлын “Сүлд” танхимд болсон сургалтад Австралийн “Бичил төслийн хөтөлбөр”-өөс санхүүжилт авсан ТББ, ядуурал бууруулах, тогтвортой хөгжлийн чиглэлээр төсөл хэрэгжүүлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоод, Олон улсын хөгжлийн төлөөх Австралийн сайн дурын ажилтнуудын ажиллаж буй  Монгол байгууллагын төлөөлөл оролцлоо.

Сургалтын явцад НҮБ-аас гаргасан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хүний эрхийн конвенцид суурилсан хандлага, хүртээмжтэй хөгжлийн бодлого, хөтөлбөрүүд, тэдгээрийг хэрэгжүүлэх арга замын талаар судлах юм. Түүнчлэн Монгол улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөлтэй уулзаж, нөхцөл байдлын талаар ярилцах боломж бүрдэж байна.   

____________________________________________________________________________________________________

Геологийн мэдээллийг нээлттэй болгоно

2017.08.18

Улаанбаатар.  Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар (АМГТГ) Австралийн ЗГ-ын санхүү, техникийн тусламжтайгаар Монгол Улсын Геологийн мэдээллийн каталог (МонГеоКат) системийг  2017 оны 4-р улирлаас эхлэн ашиглах гэж байна.

МонГеоКат систем нь АМГТГ-т хадгалагддаг геологийн мэдээ мэдээллийг олон нийтэд нээлттэй болгож байгаа юм. Тус системийг нэвтрүүлэхэд АМГТГ-ын Мэдээллийн технологийн төвийн мэргэжилтнүүд Австралийн Үндэсний Геологийн албатай хамтран ажиллажээ. “Австрали улс геологийн мэдээллээ олон нийтэд нээлттэй болгосноор гадаад дотоодын чанартай хөрөнгө оруулалт татаж чадсан. Энэ системийг нэвтрүүлж, байгалийн баялгаа улс орныхоо эдийн засгийг өсгөхөд ашиглаж чадсан тэргүүн туршлагаа Австрали улс Монгол улстай хуваалцаж байгаадаа баяртай байна” хэмээн Австралийн Элчин сайд Жон Лангтри хэлжээ. 

МУ-ын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, АМГТГ Монгол улсын үндэсний геологийн мэдээллийн сантай болох урт хугацааны зорилт тавин ажиллаж байна.  “Австралийн ЗГ-ын санхүүжилттэй Австрали-Монголын Олборлох салбарын хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад Геологийн мэдээллийн каталог систем нэвтрүүлж байгаадаа баяртай байна.  Геологийн мэдээ мэдээллийг олон улсын жишигт нийцүүлэн, хэрэглэгчдэд түргэн шуурхай, бодитоор хүргэх зорилт маань биелж байна” гэж АМГТГ-ын дарга Б.Баатарцогт хэлсэн юм.

Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хөтөлбөр нь Австралийн засгийн газрын хөгжлийн туслалцаанаас санхүүжин, 4 сая австрали долларын төсөвтэйгээр 2015 оноос Монгол Улсад хэрэгжиж байна.  

2017 оны сүүлээр http://geonet.mris.mn болон http://webgis.mris.mn хаягаар хэрэглэгчид геологийн талаарх мэдээлэл авах боломж бүрдэх юм.

____________________________________________________________________________________________________

МУ-ын Ерөнхийлөгчид бараалхлаа

2017.07.25

Улаанбаатар хот (President.mn). Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Лангтри өнөөдөр бараалхав.

Уулзалтын эхэнд Элчин сайд Ж.Лангтри Монгол Улсын Төрийн тэргүүнээр сонгогдсонд нь баяр хүргэсэн Австралийн Амбан захирагч Петер Косгровын захидлыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад гардуулан өгсөн юм.

Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ 2017 онд тохиож байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд Монгол Улс, Австралийн Холбооны Улсын хооронд уул уурхай, боловсрол зэрэг салбарт харилцаа, хамтын ажиллагаа түлхүү хөгжиж ирснийг уулзалтын үеэр талууд дурдаж байлаа. Тухайлбал, 2017 оны байдлаар Монгол Улсаас Австралид 2000 орчим оюутан суралцаж байгаа ажээ.

Мөн хоёр талын бизнесийн харилцааг өргөжүүлэх, давхар татварын гэрээ хэрэгжүүлэх болон бусад чиглэлээр цаашид харилцаагаа өргөжүүлэн хөгжүүлэх талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Лангтри нар санал солилцон ярилцлаа.

Эх сурвалж:  http://www.president.mn/content/12529

____________________________________________________________________________________________________

Австралиас крикетийн дасгалжуулагч ирлээ

2017.07.22

Улаанбаатар.  Энэ долоо хоногт Австралиас крикетийн мэргэжлийн дасгалжуулагч Роб Мораан Монголд хүрэлцэн ирлээ. Тэрээр 2017 оны 7 дугаар сарын 22-ны Бямба гарагт анхны хичээлээ крикет сонирхогч хүүхэд залууст заасан юм.  Сургалт 11-13 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан крикетийн талбайд боллоо.

Ноён Роб Мораан “Хөгжлийн төлөөх Австралийн сайн дурынхан” хөтөлбөрийн шугамаар Монголд дөрвөн сарын хугацаатай иржээ.  Тэрээр крикетийн мэргэжлийн дасгалжуулагчаар 25 жил ажилласан, энэ спорттой ажил амьдралаа холбоод 45 жил болжээ.  Дасгалжуулагч Мораан Монголын Крикет сонирхогчдын холбоотой хамтран ажиллаж, Монголд крикетийн спортыг ерөнхий боловсролын сургуулиудын түвшинд хөгжүүлэх, крикетийн сургагч багш нар бэлтгэх зорилготой.

Крикетийн спортыг Монголд хөгжүүлэхэд Монголын Крикет сонирхогчдын холбоо хүчин чармайлт гаргасаар байна. Тэд 2016 онд УБ дахь Австрали, Англи, Энэтхэгийн элчин сайдын яамд, олон улсын сургуулиуд, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн хандив, дэмжлэгээр Монголын крикетийн нөхөрлөлийн талбайг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд барьж байгуулсан (дугуйн замыг баруун талаас нь эхэлж тойроод, 10 минут явж хүрнэ).  Мөн өнгөрсөн сард Улаанбаатарт олон улсын, нөхөрсөг анхны тоглолтоо Гонконгийн 123 жилийн түүхтэй Крэйгэнговер багтай хийжээ.

____________________________________________________________________________________________________

“Эртний мастерууд: Австралийн холтсон дээрх зургийн аугаа төлөөлөгчид” олон улсын явуулын үзэсгэлэн Монголд

2017.06.25

Улаанбаатар хот. Австрали, Монголын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Австралийн Элчин сайдын яамны урилгаар Австралийн уугуул соёл, урлагийн нэрт төлөөлөгч, хөгжимчин, дуучин, бүжиг дэглээч, сурган хүмүүжүүлэгч Матью  Дойл 2017 оны 6 дугаар сарын 25-наас 26-ны өдрүүдэд Монголд айлчилна.  Тэрээр энэ үеэрээ УБ чуулгын уран бүтээлчдэд Австралийн уугуул иргэдийн хөгжим, бүжгийн чиглэлээр сургалт явуулж, туршлага солилцоно.  Мөн 6 дугаар сарын 25-нд Блю Мүүн уран зургийн галерейд нээлтээ хийх “Эртний мастерууд: Австралийн холтосны агуу зураачид” зургийн үзэсгэлэнд оролцож, уран бүтээлээсээ толилуулна.

Зургийн үзэсгэлэнгийн талаар 

“Эртний мастерууд: Австралийн холтосны агуу зураачид” үзэсгэлэнд багтсан бүтээлүүд нь Австралийн соёлын үнэт өвд тооцогддог. Австралийн Үндэсний музейн цуглуулгад багтдаг эдгээр зургаар Австрали олон улсад явуулын үзэсгэлэн гаргасаар иржээ. Монгол дахь Австралийн Элчин сайдын яам тус үзэсгэлэнг Улаанбаатар хотноо 2017 оны 6 дугаар сарын 25-наас 29-ний өдрүүдэд Блю Мүүн галерейд гаргана. 

Австралийн хойд хэсэгт оршин суудаг Арнхем нутгийн уугуул иргэд хэдэн мянган жил бүтээж ирсэн холтос дээрх зургийг 20-р зууны сүүлээр дэлхийн урлагийн агуу уламжлал хэмээн хүлээн зөвшөөрчээ. Модны холтос дээр шороогоор зуурсан зосоор зурсан учир эдгээр зургийг газар эхийн бүтээл гэж хэлж болно.

1948 онд Лондон хотын “Таймс” сонинд хэвлүүлсэн нийтлэлд Австралийн Арнхем нутгийн уугуул зураачдыг “эртний мастерууд” гэжээ.  Арнхем нутгийн холтосны зураачид өнгөрсөн хэдэн арван жилийн хугацаанд дэлхийн урлагийн ертөнц, олон нийтийн анхаарлыг татах болсон. Холтсон дээрх зураачдын дараачийн үе зургийн урлаг, өв соёлоо шинэ чиглэлд баяжуулан, хөгжүүлж байна. Үзэсгэлэнд толилуулж буй бүтээлүүд нь Арнхем нутгийн баруун, зүүн, төвийн бүсийн онцлогийг харуулсан.  Баруун Арнхем нутагт бэлэг тэмдгийн дүрс түлхүү байр суурь эзэлдэг. Зүүн Арнхем нутагт геометрийн ба уламжлан тогтсон дүрс ашигладаг бол төв Арнхем нутагт зураачид энэ хоёр арга барилыг хослуулах хандлагатай. Эртний Мастерууд үзэсгэлэн гурван бүсийн холтсон дээрх зургийн томоохон сэдвүүд болох өвөг дээдсийн ертөнц, өөрийгөө хэн гэдгийг илэрхийлсэн байдал, орчин үеийн амьдралын талаарх бодролыг харуулна.

____________________________________________________________________________________________________

Австралийн Үндэсний эв нэгдлийн долоо хоног

2017.05.27 - 06.03

Энэ жилийн Эв нэгдлийн долоо хоногоор Австрали улсын түүхэнд болж өнгөрсөн хоёр он жилийг онцолж байна. Үүнд 1967 онд бүх нийтийн санал асуулга явуулсны 50 жилийн ой, мөн Мабо Дээд шүүхийн шийдвэр гарсны 25 жилийн ойг онцолж байна.        

1967 оны 5 дугаар сарын 27-нд уугуул болон Торрес Стрейт арлын ард иргэдийн эрх тэгш бус байдлыг багасгах зорилгоор явуулсан бүх нийтийн санал асуулгад Австраличуудын 90% нь ‘тийм’ гэж санал өгсөн билээ.        

1967 оноос өмнө уугуул болон Торрес Стрейт арлын ард иргэд Австрали улсын Үндсэн хуулиар бусад Австраличуудтай адил тэгш эрх эдэлдэггүй байв. Мужийн засаг захиргаад уугуул ард иргэд болон анхны Австраличуудыг хүн амын тооллогод оруулдаггүй байсан.       

Тус санал хураалтын үр дүнд уугуул болон Торрес Стрейт арлын ард иргэдэд зориулж суурь хуулиудад өөрчлөлт оруулж эхэлсэн. Мужийн засаг захиргааны эрх мэдэл Хамтын нөхөрлөлийн улс орнуудад шилжсэн юм. Анх удаа уугуул, анхлан суурьшсан Австраличуудыг албан ёсоор Австралийн хүн амын тооллогод оруулж тоолох болов. Ингэснээр Хамтын нөхөрлөлийн улс орны Засгийн газраас уугуул болон Торрес Стрейт арлын ард иргэдийн эрх ашгийг хамгаалсан хуулиуд гаргах боломж бүрдсэн байна.       

Бүх нийтийн санал асуулгын хамгийн чухал үр дүн нь уугуул, Торрес Стрейт арлын ард иргэд өөрсдийн албан ёсны бэлгэ тэмдэгтэй болох явдал байв.   

Хорин таван жилийн дараа буюу 1992 оны 6 дугаар сарын 3-нд Австрали улсын Дээд шүүхээс терра налайөс газар нутаг (аль ч улс орны эзэмшлийн бус газар нутаг) Австрали улсад хамаардаггүй болохыг тогтоосон байна. Энэхүү түүхэн үйл явдлыг удаан хугацаанд энэ үйл хэргийг идэвхтэй дэмжиж ирсэн Эдди Мабогийн нэрээр нэрлэж Мабо Дээд шүүхийн шийдвэр гарсан он жил гэж онцлох болсон байна.                     

Эдди ‘Койки’ Мабо өөрийн хамтран зүтгэгчид болох эцэг Дэйв Пасси, Сэм Пасси, Жэймс Райс, Сэлүя Мапо Сайли нарын хамтаар Торрес Стрейт арал нь Торрес Стрейт арлын уугуул ард иргэдийн газар нутаг гэдэгт итгэдэг байсан бөгөөд терра налайөс нутгийг аль ч улсын эзэмшилд хуулиар хамаардаггүй гэдэг байр суурин дээр тэмцэж ирсэн.                    

Энэ шийдвэр нь уугуул, Торрес Стрейт арлын ард иргэд нь газар тус нутгийг эзэмших бүрэн эрхтэй бөгөөд Британичуудыг ирэхээс өмнө эзэмшдэг байсан гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн шийдвэр байв. Өнөөдөр ч тэдний эрх хадгалагдсан хэвээр байна.

Мөн тус шийдвэрийн үр дүнд Австралийн Парламент 1993 онд уугуул иргэдийн эрхийг хамгаалсан Нэйтив Тайтл Акт хуулийг баталсан юм.                    

 “Үндэсний эв нэгдлийн долоо хоног”-ийн үеэр бид эдгээр түүхэн үйл явдлын ач холбогдлыг онцлон тэмдэглэж байна.

 “Үндэсний эв нэгдлийн долоо хоног”-ийн баярын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Reconciliation Australia хаягаар орж үзнэ үү.  

____________________________________________________________________________________________________

Австралийн уугуул иргэдийн урлагийн нэрт төлөөлөгч Монголд

2017.06.23

Улаанбаатар хот. Матью Дойл Австралийн Сидней хотод төрж, өссөн. Австралийн Шинэ өмнөд Уэлс мужийн баруун хойд нутгийн Мурувари омгоос гаралтай. Тэрээр 1985 онд Уугуул иргэд, арлынхны ур чадварыг хөгжүүлэх үндэсний холбоонд элсэн орж, 1988 онд бүжгийн чиглэлээр сурч төгсжээ.  1991-1993 оны хооронд тэрээр Уугуул иргэд, арлынхны бүжгийн театрт ажиллаж дотоод, гадаадад аялан тогложээ.  Матью Дойл нь бүжигчин, бүжиг дэглээч, хөгжимчин, дуучин, диджеридүү хөгжимчин, соёлын элч төлөөлөгч, зөвлөх, сурган хүмүүжүүлэгч бөгөөд урлагийн бүх чиглэлээр ажилласан 30 жилийн туршлагатай.

Австралийн өнцөг булан бүрд, мөн дэлхийн олон оронд Матью Дойл ганцаарчилсан болон хамтарсан тоглолт хийж, уран бүтээл туурвисан. Тэрээр 1996 оны Атланта, мөн 2000 оны Сиднейн зуны Олимпын тоглолтын нээлт, хаалтад оролцож, Австралийн ABC телевизээс Сиднейн дуурийн театрт хийсэн Зууны тоглолтод бүжиглэж, хөгжимджээ.  Мөн Парис хот дахь Musee Du Quay Branly уугуул соёл урлагийн музейн нээлт, Япон дахь Дэлхийн үзэсгэлэн, “Би Иора” Сидней фестивалийн бүтээлд гар бие оролцжээ.  Матью Дойл Австралид зохиогдсон Дэлхийн Залуучуудын Өдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Ромын Хамба лам, мөн Английн хатан хааны гэр бүлийн гишүүдийг угтан авч байсан. Өнгөрсөн жилийн Венецийн Биенналийн үзэсгэлэнд оролцсон Австралийн уран бүтээлчдийн үзэсгэлэнгийн нээлтэд Матью Дойл тогложээ.  Тэрээр бие даан болон хамтран бичсэн дуунуудаасаа бүрдсэн хэд хэдэн CD гаргасан.  Олон улсад алдартай Австралийн Бангарра бүжгийн хамтлагийн хоёр уран бүтээлд тэрээр соёлын зөвлөхөөр ажиллажээ.  Түүний хамтран ажилласан уран бүтээлч, байгууллагуудад мөн их мастер, шакахучи хөгжимчин Райли Ли, Жэймс Моррисон, ТАЙКОЗ, Legs on the Wall, Сидней, Куинслэндийн симфони оркестр, Edinburgh Military Tattoo багтана. Уугуул иргэдийн соёлыг түгээх чиглэлээр Матью Дойл боловсролын салбарт сүүлийн 17 жил ажиллаж байна.

____________________________________________________________________________________________________

Бичил төсөл хэрэгжүүлэгчид тайлагналаа

2017 оны 6 дугаар сарын 15

Улаанбаатар хот. Австралийн Элчин сайдын яам жил бүр нийт 240 мянган долларын санхүүжилттэй “Бичил төслийн хөтөлбөр” хэрэгжүүлдэг билээ.  Өнгөрсөн жил санхүүжилт авсан 14 төрийн болон ТББ-ын төлөөлөгчид төсөл хэрэгжүүлсэн туршлага хуваалцах, тайлангийн хурлаа Улаанбаатар зочид буудалд хийлээ.

2016-2017 оны санхүүгийн жилд Австралийн элчин сайдын яамнаас Монгол улсын тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах, ядуурлыг бууруулах чиглэлээр бичил төслийн санхүүжилт авсан 14 байгууллага өнгөрсөн жилд хэрэгжүүлсэн төслийн үр дүнгээ танилцууллаа. 

 

 

 

 

 

 

 

 

 

  1. Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн боловсрол төслийн хүрээнд 55-р сургуульд аутизмтай хүүхдүүдийн сургалтын орчинг сайжруулж, 116-р сургуульд харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан орон зайн сургалтын танхим байгуулжээ.
  2. Хүйсийн болон гэр бүлийн хүчирхийллийн эсрэг чиглэлээр Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Өвөрхангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн цагдаагийн газар, Хүйсийн тэгш эрхийн төвтэй хамтран дөрвөн төсөл хэрэгжүүлж байна.
  3. Эмэгтэйчүүдийн эдийн засгийн чадавхыг дээшлүүлэх чиглэлээр Монголын үндэсний тэргэнцэртэй иргэдийн холбоо, Өрхийн тариалан, бизнес хөгжлийн байгууллагатай хамтран хоёр төсөлд санхүүжилт олгосон.
  4. Залуучуудын хөгжилд зориулан Хэнтий аймгийн сагсан бөмбөгийн “ТОББ” клуб Хэнтий аймагт хүүхэд, залуучуудад зориулан сагсан бөмбөгөөр хичээллэх төсөл хэрэгжүүллээ. Түүнчлэн уг төслөөр Хэнтий аймгийн Баян-Адарга сумын хүүхэд залуучууд сагсан бөмбөгийн задгай талбайтай болж, чөлөөт цагаараа сагсан бөмбөгөөр хичээллэх боломж нэмэгдэнэ. Монгол Экологи Төв Хөвсгөл Аймгийн Хатгал, Ханх сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч хүүхдүүдэд байгаль орчин, экологийн сургалт зохион байгууллаа.
  5. “Ногоон зам” хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр “Хангарьд” ротари клуб, Австралийн “КЕСАБ энвайронментал солюшн” ТББ Улаанбаатар хотын 12-р сургууль, Үндэсний боловсролын их сургуульд хог хаягдлыг дахин боловсруулах мэдээллийн танхим байгуулан ажиллуулж, багш, оюутан сурагчид байгаль орчныг хамгаалах, хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр  сургалт явууллаа.
  6. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр Монголын үндэсний хавдрын зөвлөлөөс Австралийн Мелбурн хотын Мурдокийн их сургуулийн хүүхдийн судалгааны төвтэй хамтран Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлсэн хүний хөхөнцөр вирусийн туршилтын вакцинжуулалтын үр нөлөөний талаар харьцуулсан судалгаа явуулж, шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл гаргахаар зорьж байна. Мөн “Монгол зөн” байгууллага Чингэлтэй дүүргийн сургуулийн сурагчдад нөхөн үржихүйн эрүүл мэндийн мэдлэг, мэдээлэл олголоо.
  7. Засаглалын чиглэлээр Ардчиллын боловсролын төвөөс Улаанбаатар хотын захиргаатай хамтран, Улаанбаатар хотын захиргаанаас үзүүлж буй төрийн үйлчилгээний хүртээмж, ил тод байдлыг дээшлүүлэх ‘CheckMyService’ гар утасны хэрэглээний програм хөгжүүлэн туршиж байна.

2003 оноос Монгол улсад хэрэгжиж буй Австралийн бичил төслийн хөтөлбөрийн хүрээнд 100 гаруй байгууллага нийт 130 төсөл хэрэгжүүлжээ.

2017-2018 оны Бичил төслийн хөтөлбөрт 6 дугаар сарын 23-ныг дуустал төслийн санал хүлээн авч байна.  Дэлгэрэнгүй мэдээллийг дараах цахим хуудаснаас авна уу.  http://mongolia.embassy.gov.au/ulnb/DAP.html

____________________________________________________________________________________________________

Австралийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

2017 оны 2 дугаар сарын 3

Улаанбаатар.  Австрали, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ онд тохиож байна.  1972 оны 9 дүгээр сарын 15-нд Австралийн Ерөнхий сайд асан Гооф Витлам Монгол улстай дипломат харилцаа тогтоох баримт бичигт гарын үсэг зуржээ. 1990 оноос Монгол улс либерал ардчилал, чөлөөт эдийн засгийн тогтолцоог сонгосноос хойш хоёр улсын харилцаа улам бэхэжжээ.

“Манай хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой энэ жил тохиож байна. Австрали Улсаас Монгол Улсад суух анхны Элчин сайдын хувьд Монгол түнш нартайгаа анх удаа Австралийн өдрийг тэмдэглэх гэж буйдаа баяртай байна” гэж Австрали Улсаас МУ-д суугаа Элчин сайд Жон Лангтри хэллээ.

Австрали Улс МУ-д жил бүр 10 сая австрали долларын хөгжлийн тусламж үзүүлж байна. 1993 оноос хойш 500 орчим монголчууд тус улсын ЗГ-ын тэтгэлгээр Австралид дээд боловсрол эзэмшиж, эрдэм мэдлэгээ дээшлүүлжээ. Байгалийн баялгаа түшиглэн улс орноо хөгжүүлэхэд өндөр чанартай, гадаадын хөрөнгө оруулалт татан, удирдах тал дээр Австрали Улс арвин туршлагатай.  Сүүлийн жилүүдэд Австрали улс уул уурхайн салбарын мэдлэг туршлагаасаа МУ-тай хуваалцаж байна. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах чиглэлд түншлэн, МУ-д мэргэжлийн боловсрол, хөдөө аж ахуйн салбарыг дэмжих, нийгмийн эрүүл мэндийг сайжруулах, уул уурхайн салбарын засаглалд тэргүүн туршлага нэвтрүүлэх зэргээр хамтран ажиллаж байна. Австрали Монголын харилцааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://mongolia.embassy.gov.au/ulnb/home.html  цахим хуудаснаас авна уу.  “Австрали ч, Монгол Улс ч эдийн засгийн хүндрэлтэй тулгараад байна. Монгол Улс Олон улсын валютын сантай нягт хамтран, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхээр идэвхийлэн ажиллаж байгааг харахад таатай байна. Энэ хүнд цаг үед манай хоёр орон биднийг нэгтгэж ирсэн, мөн улс төр, эдийн засаг, иргэний эрх, эрх чөлөөг хангах суурь болсон  либерал ардчиллын зарчмаа баримтлах нь чухал” хэмээн Элчин сайд Лангтри хэлжээ. 

____________________________________________________________________________________________________

Хүний Эрхийн өдөрт

2016 оны 12 дугаар сарын 10

2016 оны 12 дугаар сарын 10-ны энэ өдөр бид Хүний эрхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. Эдүгээгээс 68 жилийн өмнөх энэ өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблей Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталж байсан юм.

Хүний эрхийн төлөө Австрали улс тэмцсээр ирсэн, тэмцсээр ч байх болно.  Австрали бол НҮБ-ыг үндэслэгч орнуудын нэг бөгөөд тус байгууллагын зорилго, зарчмыг дэмжигч дуу хоолой нь байсаар ирлээ.  НҮБ-ын дээдэлдэг зарчим, зорилгууд ч  мөн Австрали улсын үнэт зүйлд тусгалаа олсон байдаг.

Энэ жилийн Хүний эрхийн өдрийг тохиолдуулан, хүн бүрийг хэн нэгний эрхийг хамгаалахыг уриалж байна.  Хүн бүхэн хүндлүүлэх, нэр төр, эрхээ хамгаалуулах ёстой. Бид ч түүний төлөө үргэлжлүүлэн тэмцэх учиртай.

Дээрх шалтгаануудын улмаас Австрали улс 2018-2020 оны НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд нэрээ дэвшүүлж байна.  Хэрэв сонгогдвол Австрали улс зарчимч байр сууринаас асуудалд амьдралд ойр, бодит өнцгөөс ханддаг, бусад гишүүн оронтой үр дүнтэй хамтран ажилладаг холбогч гүүрийн үүрэг гүйцэтгэсэн, хамгийн эмзэг бүлгийн асуудлыг шийдэх урт хугацааны, тогтвортой шийдэл олохын төлөө ажилладаг гишүүн байна.

2018-2020 оны НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүн болон Австрали улсын нэр дэвшүүлэлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл энд дарж аваарай.

____________________________________________________________________________________________________

Австрали, Монгол улс Хөгжлийн тусламжийн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа

2016 оны 11 дүгээр сарын 25

Улаанбаатар хот.

11 дүгээр сарын 25-ны Баасан гарагт Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Австрали улсаас Монгол улсад суух Элчин сайд Жон Лангтри нар Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын бичигт гарын үсэг зурлаа. Энэ баримт бичиг нь МУ-ын хөгжилд үзүүлэх хоёр орны хамтын ажиллагааг тодорхойлж байна.

Хөгжлийн хамтын ажиллагааг тодорхойлсон анхны Харилцан ойлголцлын санамж бичгийг 1993 онд үзэглэжээ. Түүнээс хойш ардчиллын институтиуд чадавх бэхжүүлэх чиглэлд Монгол улс Австралийн Хөгжлийн албан ёсны тусламж авах болсон байна.  “Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Австралийн тусламжийн хөтөлбөрийн Монгол улсад үзүүлсэн нөлөө их юм. Санамж бичгийг ийнхүү шинэчлэн зурснаар манай хоёр орны харилцаа улам гүнзгийрч байна гэж ойлгож болно. Австрали улс манайд Элчин сайдын яамаа нээснээс хойш манай хоёр орны стратегийн харилцаанд гарч буй томоохон алхам гэж үзэж байна,” хэмээн Сангийн сайд Б.Чойжилсүрэн хэлжээ.

Харилцан ойлголцлын санамж бичгээс гадна гурван дэд гэрээнд гарын үсэг зурсан. Эдгээрт Австралийн ЗГ-ын тэтгэлэгт хөтөлбөр, сайн дурын ажилтан, мөн олборлох салбарын хөтөлбөр хэрэгжүүлэхэд мөрдөх нөхцөлүүдийг тусгажээ.  “Австрали улс Монгол улсад дэмжлэг үзүүлсээр байх болно.  2017 онд Австрали Монголын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буй. Энэ бол Монгол улсыг хөгжилд хүргэх нэгдмэл зорилгоо тодорхойлж, хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах хамгийн тохиромжтой цаг юм. Хүний нөөцийн хөгжил, Австралийн ЗГ-ын тэтгэлэгт хөтөлбөрөө үргэлжлүүлэх нь хамгийн чухал хэмээн үзсэн” гэж Элчин сайд Лангтри хэлсэн байна.

1993-2016 оны хооронд Австралийн хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд нэлээд олон хөтөлбөр хэрэгжжээ. Жишээ нь боловсрол, олборлох салбарын хөтөлбөрүүд юм. Австралийн ЗГ-ын тэтгэлэгт хөтөлбөрөөр Австралид 440 Монгол хүн сурсан бол олборлох салбарын хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн салбарын удирдлага, менежментийг сайжруулж байна. Хөгжлийн төлөөх Австралийн сайн дурын ажилтан хөтөлбөрийн шугамаар 300 гаруй Австрали мэргэжилтэн Монголд ирж, ур чадвар, мэдлэг туршлагаа Монголчуудтай хуваалцжээ. Мөн Австрали улс Монголын хөдөө аж ахуйн салбарын хөгжил, байгаль хамгаалах чиглэлээр төсөл хөтөлбөр санхүүжүүлсээр байна.

____________________________________________________________________________________________________

Бичил төслийн гэрээнд гарын үсэг зурлаа

2016 оны 11 дүгээр сарын 17

Улаанбаатар хот. 2016 оны 11 дүгээр сарын 17-ны Пүрэв гарагт Австрали улсаас Монгол улсад суух Элчин сайд Жон Лангтри, Австралийн ЗГ-аас санхүүжүүлдэг бичил төслийн  хөтөлбөрт шалгарсан Монголын 10 байгууллагын тэргүүн төсөл хэрэгжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. (Шалгарсан төслийн танилцуулгыг доорх мэдээнээс үзнэ үү) Эдгээр төслийг залуучуудын хөгжил, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, эрүүл мэнд, байгаль орчин, ядуурлыг бууруулах, хөдөө аж ахуй, засаглалыг сайжруулах зэрэг чиглэлд хэрэгжүүлнэ. Төсөл хэрэгжүүлэгчид хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүйсийн тэгш оролцоог хангах, төслийн үр шимийг тэгш хүртээх зарчмыг баримтална.

2003 оноос Монгол улсад хэрэгжиж буй Австралийн бичил төслийн хөтөлбөрийн хүрээнд 100 гаруй байгууллага нийт 114 төсөл хэрэгжүүлжээ.

Австралийн элчин сайд Жон Лангтри “Жилээс жилд улам өрсөлдөөнтэй болж буй Австралийн Бичил төслийн хөтөлбөр нь нийгэм,  байгаль орчны асуудлыг хөндөн тавьж, гарц хайн шийдэх боломжийг ТББ-уудад олгодог” гээд хөтөлбөрт төслийн саналаа явуулсан бүх газарт талархал илэрхийлж, “2016-2017 оны хөтөлбөрт сонгон  шалгарсан 10 байгууллагын тэргүүн, хамт олонд баяр хүргэж, үйл ажиллагаанд нь амжилт хүсье. 2017 оны 6 дугаар сард Бичил төслийн ээлжит уралдаан зарлагдах тул олон байгууллага оролцох боломж нээлттэй байгаа”-г онцлон тэмдэглэжээ.

2016-2017 оны Бичил төслийн хөтөлбөрт шалгарсан арван байгууллагын нэг болох Монгол экологийн төвийн Төслийн менежер Т.Цэнгүүн хэлэхдээ “Австралийн ЗГ-ын санхүүжилттэйгээр ”Өсвөрийн байгаль хамгаалагч” төслөө хэрэгжүүлэх болсондоо баяртай байна. Хөвсгөл аймгийн Ханх, Хатгал сумын 10 жилийн 4-7 дугаар ангийн 200 сурагч манай төсөлд хамрагдаж, байгаль хамгаалах, Хөвсгөл нуурын орчмын байгалийн түүх, геологийн бүтэц, биологийн олон янз байдал, гидрологийн мөчлөг, ой мод, хөрсний бүтэц болон цаг уурын өөрчлөлтийн нөлөө зэргийг сурч судална” гэлээ.

Австралийн бичил төслийн хөтөлбөр

Австралийн ЗГ-ын буцалтгүй тусламжийн санхүүжилт бүхий Бичил төслийн хөтөлбөр нь бодит үр дүн гаргахад түлхүү анхаарсан, сайн засаглал, хүний эрх болон олон нийтийн мэдлэг, мэдээлэл, ойлголтыг нэмэгдүүлэх төслүүдийг дэмжихэд түлхүү анхаардаг.

____________________________________________________________________________________________________

Австралийн 2016-2017 оны “Бичил төслийн хөтөлбөр”-т шалгарсан байгууллага, төслүүд

2016 оны 11 дүгээр сарын 17

Улаанбаатар хот.

  • Харааны бэрхшээлтэй болон хараагүй хүүхдүүдэд зориулан 116 дугаар сургууль дээр Орон зайн баримжааны танхим нээх

Монгол улсад нийт 8,000 орчим харааны бэрхшээлтэй иргэн байна. Тэдний ихэнх нь ажил орлогогүй, амьжиргааны баталгаат түвшнээс доогуур амьдардаг. Австралийн Засгийн газрын Бичил төслийн хөтөлбөрийн санхүүжилтээр 116-р сургуульд харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан ахуйн болон орон зайн баримжааны танхим байгуулна. Энэ танхим байгуулагдсанаар одоо суралцаж буй 120 сурагч ахуй, орон зайн баримжаа олгох хичээлд хамрагдана.

 

 

  • Хаягдал цаас ашиглан цаасан урлал хийж, борлуулах сүлжээ бий болгох замаар тэргэнцэртэй иргэд, эмэгтэйчүүдийг дэмжих нь

Хөдөлгөөний бэрхшээлтэй хэсэг иргэн 2005 онд нэгдэн, үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь өнөөдөр Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо болон өргөжжээ. Тус холбооны 700 гаруй гишүүний тал нь эмэгтэйчүүд байна. Өөрсдөө хөдөлгөөний бэрхшээлтэй эсвэл хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхэдтэй эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, тэгш оролцоог хангах зорилгоор тус холбооны Эмэгтэйчүүдийн хороо Австралийн Бичил төслийн санхүүжилтээр хаягдал цаас ашиглан гар урлал, бэлэг дурсгалын зүйл хийх сургалтыг 50 эмэгтэйд явуулна.  Эмэгтэйчүүдийн хорооны гишүүд мөн чадавхаа бэхжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн хийсэн бүтээгдэхүүнийг борлуулах хоршоо байгуулна. Энэ нь зорилтот бүлгийн өрхийн орлогыг нэмэгдүүлж, тогтвортой амьжиргааг дэмжинэ.

 

  • Хүний хөхөнцөр вирусын тархалтын судалгаа

Монголын эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн хамгийн тулгамдсан асуудлуудын нэг нь умайн хүзүүний хавдар болоод байна.  Нас, боловсрол, орлогын түвшнээс үл хамааран энэ өвчний тархалт өндөр байсаар байна.  Жил бүр 300 шинэ тохиолдол бүртгэгддэгээс 85 хувь нь хожуу үедээ оношлогддог. Умайн хүзүүний хорт хавдар Монгол эмэгтэйчүүдийн нас баралтын хоёр дахь шалтгаан болж байна. Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакциныг Монголд 2012 онд туршилтаар хийж эхэлсэн билээ.  11-15 насны 9,111 охинд вакцин тарьсан.  Австралийн Бичил төслийн хөтөлбөрийн хүрээнд Монголын Хавдрын зөвлөл Сэлэнгэ, Өмнөговь аймгийн 19-20 насны охид эмэгтэйчүүдийн дунд судалгаа хийнэ.  Энэ нь хүний хөхөнцөр вирусын хамгийн түгээмэл төрөл болох 16, 18, 45 халдварын тархалт вакцин хийлгэсэн (500) болон хийлгээгүй (500) охид, эмэгтэйчүүдийн дунд ямар байгааг тандах судалгаа юм. Улс орныг хамарсан вакцинжуулалтын хөтөлбөр боловсруулахад энэ судалгааны үр дүн чухал нөлөөтэй.

 

  • Залуучуудын хөгжлийг дэмжихэд нь Монголын Скаутын холбооны чадавхыг бэхжүүлэх

Монголын Скаутын холбоо Австралийн Скаутын холбоотой хамтран, УБ-аас хойд зүгт 85 км-т орших өөрийн эзэмшлийн газар дээр задгай талбай, асар барина.  Монголын Скаутын холбоо 6-25 насны Монгол залуучуудад зориулан үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2017 онд Азийн Скаут Жамбориг эх орондоо зохион байгуулна.

 

  • Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсэд “Өсвөрийн байгаль хамгаалагч” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ирээдүйн байгаль орчны манлайлагчдыг чадавхижуулж, байгаль хамгаалал дахь оролцоог нэмэгдүүлэх нь

Монгол орны аялал жуулчлалын томоохон бүсийн нэг Хөвсгөл нуурыг зорьсон дотоод, гадаадын аялагчдын тоо 2014-2015 онд 45 мянгад хүрчээ. Аялал жуулчлалын улирал манай орны нөхцөлд богинохон, ердөө хоёр сар гаруй үргэлжилдэг. Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Ханх сумын нутгийн иргэдийн дийлэнх нь жуулчдын урсгалыг ашиглан, гэр буудал ажиллуулах, гар урлалын бүтээгдэхүүн худалдаалах, жолооч, хөтчөөр ажиллах зэргээр олон төрлийн аялал жуулчлалын үйлчилгээ эрхлэн амьжиргаагаа залгуулдаг.

“Монгол Экологи Төв” ТББ нь Монгол орны байгалийн нөөц, түүх, соёлын дурсгалт өвийг хамгаалах үйл ажиллагаанд олон улсын шилдэг туршлагуудыг нэвтрүүлэх зорилгоор 2010 онд үүсгэн байгуулагдсан. Тус байгууллага нь Австралийн “Бичил төслийн хөтөлбөр”-ийн санхүүжилтээр Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын үүд хотууд болох Хатгал, Ханх сумдад “Өсвөрийн байгаль хамгаалагч” хөтөлбөрийг хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрт Хатгал, Ханх сумдын дунд сургуулийн 4-7 дугаар ангийн нийт 200 сурагч хамрагдан төрөлх нутгийнхаа байгалийн түүх, геологийн тогтоц, биологийн олон янз байдал, гидрологийн мөчлөг, ойн менежмент, хөрсний бүтэц болон уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн бий болж буй нөлөө зэрэг байгаль хамгааллын талаар олон талын мэдлэгийг олж авснаар ирээдүйн байгаль орчны манлайлагчид болон төлөвших юм.

 

  • Түншлэлийг бэхжүүлэх хамтын орон зай

Үндэсний статистикийн хорооны мэдээгээр 2016 оны эхний хагаст 764 гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг бүртгэгдсэн ба энэ нь өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулбал 34 хувиар буюу 178 хэргээр ихэссэн үзүүлэлттэй гарсан байна. Гэр бүлийн хүчирхийллээс үүдэн, 2011 оноос 2015 оны хооронд 90 гаруй хохирогч амь насаа алдаад байна. Эдгээр хохирогчийн тал нь шүүх, цагдаа, нийгмийн үйлчилгээнд хандсан байдаг ч тухайн үед нь хамгаалах үйлчилгээ үзүүлээгүйгээс болж амь насаа алдсан байдаг.

Хүчирхийллийн эсрэг үндэсний төв (ХЭҮТ) нь эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах, нийгмийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр 22 жилийн туршлагатай ТББ юм.  ХЭҮТ сэтгэл зүйн зөвлөгөө, хуулийн туслалцаа, нөлөөллийн ажил, хамгаалах байрны үйлчилгээг давхардаагүй тоогоор нийт 19,700 үйлчлүүлэгчид үзүүлээд байна. ХЭҮТ нь Австралийн Бичил төслийн хөтөлбөрийн санхүүжилтээр гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй, өртөж хохирсон хүмүүст тусламж үйлчилгээ үзүүлж буй нийт байгууллагын хамтын ажиллагаа, чадавхыг сайжруулснаар дэмжлэг туслалцаа, хамгаалах үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх зорилготой ажиллаж байна. 

 

  • Ирээдүй, итгэл найдвар

Хөдөө орон нутагт Монголын 1.4 сая иргэн хагас нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдарч байна. Амьжиргаагаа залгуулах өөр боломж төдийлөн байхгүй байна (НҮБХХ, 2007). Нэг бол малын тоо толгой цөөн, эсвэл хэт олон малтайгаас бэлчээрийн даац хэтэрсэн, өвөлжөө хаваржаа сэлгэн нүүх хугацаа янз бүр байдаг, туршлагагүй, залуу малчдын тоо ихэссэн, мөн зуд ойр ойрхон болж байгаа зэргээс мал аж ахуй эрхлэх нь эрсдэл ихтэй, хүндрэлтэй болж байна. “Өрхийн тариалан, бизнес хөгжил” ТББ зудад хамгийн их нэрвэгдсэн газар нутгийг сонгон авч, иргэдэд сургалт явуулдаг.  Австралийн Бичил төслийн хөтөлбөрийн санхүүжилтээр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын өрх толгойлсон 25 эмэгтэйд ногоо тарих, хүнсний аюулгүй байдлаа хэрхэн хангах талаар сургалт явуулж, тогтвортой амьжиргааг нь дэмжинэ.

 

  • Сагсан бөмбөг орон нутгийн залуусын хөгжилд

Хэнтий аймгийн Хэрлэн, Баян-Адарга сумд ядуурлын төвшин өндөртэй, мөн залуучуудын хөгжлийг дэмжих зориулалтын спортын танхим талбай байхгүй. “‘Б’ Сагсан бөмбөгийн дасгалжуулагч” орон нутгийн ТББ Австралийн ЗГ-ын санхүүжилтээр Баян-Адарга суманд сагсан бөмбөгийн задгай талбай барьж, сумдын ядуу өрхийн 30 хүүхдэд (15 эмэгтэй, 15 эрэгтэй) зориулалтын хувцас олгож, сагсан бөмбөгийн дугуйланд хамруулна. Төслийн үр дүнд хүүхдүүдийн өөртөө итгэх итгэл нэмэгдэж, спортлог, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлнэ.  Төслийн хэрэгжилтэд Хэнтий аймгийн Хэрлэн, Баян-Адарга сумын засаг захиргаа, “Оч Манлай”, “Дөрвөн улирал Хэнтий” компаниуд дэмжлэг үзүүлнэ.

 

  • “Ногоон Замнал” Хог хаягдал дахин боловсруулах талаар мэдлэг олгох төв

Энэхүү төслийг Улаанбаатар Хангарьд ротари клуб нь байгаль орчны тогтвортой хөгжлийн чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сургалт зохион байгуулдаг Өмнөд Австралийн КЕСАБ Төрийн бус байгууллагатай хамтран Австралийн шууд тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд хотын хог хаягдлын менежмент, дахин боловсруулалтыг дэмжих зорилгоор МУБИС болон ерөнхий боловсролын 9 дүгээр дунд сургуулийн багш, сурагч нарт мэдлэг олгох, идэвхжүүлэх, зөв дадалд төлөвшүүлэх сургалтуудыг зохион байгуулна. Мөн дээрх сургуулиудад хог хаягдал дахин боловсруулах танхим тохижуулан өгөх нь цаашид тухайн чиглэлийн боловсрол олгох, сургалтаар олсон мэдлэгээ хэрэгжүүлэх боломжийг нэмэгдүүлэх юм.

 

  • Төрийн үйлчилгээг “Check My Service” гар утасны хэрэглээний програм ашиглан сайжруулах нь

Төрийн үйлчилгээ нь бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг юм. Улс орны Засгийн газрууд өөрсдийн үндсэн үүрэг болох төрийн үйлчилгээг сайжруулахад анхаарч ажилладаг. “Check My Service” нь үйлчилгээ авч буй иргэд болон үйлчилгээ үзүүлэгч Улаанбаатар хотын төрийн үйлчилгээний байгууллагуудад үйлчилгээний талаарх асуудлыг шууд холбож өгөх гар утасны хэрэглээний програм хөгжүүлэх зорилготой төсөл юм. Иргэд тус хэрэглээний програмыг ашиглан төрийн үйлчилгээний талаар мэдээлэх, санал сэтгэгдлээ өгөх, шийдүүлэх боломжтой болох юм. Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн агентлагийн мэдээ (2014) -гээр Улаанбаатарын оршин суугчдын 45 хувь нь интернетийг өдөр тутам, талаас дээш хувь нь 7 хоногт багадаа нэг удаа хэрэглэдэг байна.

Ардчиллын боловсрол төв (ДЕМО) нь 2012 оноос эхлэн Check My Service төслийг санаачлан эхлүүлж 2016 оны 9 дүгээр сарын байдлаар 84 төрийн үйлчилгээний ил тод байдал, хүртээмжийг Иргэдийн онооны картын аргачлалаар үнэлж, үйлчилгээний чанар, хүртээмжид ахиц, өөрчлөлт гарч байна. ДЕМО-гийн Check My Service санаачлага нь Авлигатай тэмцэх газрын 2013 оны шилдэг туршлагаар шалгарч, “Шударга ёсны төлөө” өргөмжлөл хүртэж, Нээлттэй засаглал, хамтын ажиллагааны Ази, Номхон далайн бүсийн 2014, 2016 онуудад Засаглалын ил тод, хариуцлагатай байдал, иргэдийн оролцооны шилдэг санаачилгаар тус тус шалгарсан.

____________________________________________________________________________________________________

"Мэлбүрн Кап" морин уралдаан Монголд

2016 оны 11 дүгээр сарын 1

Улаанбаатар хот. 2016 оны 11 дүгээр сарын 1-ний Мягмар гарагт Монгол улс дахь Австрали улсын Элчин сайдын яам "Мэлбүрн Кап" морин уралдаан үзэх арга хэмжээг Монголд анх удаа зохион байгууллаа. "Мэлбүрн Кап" морин уралдаан нь Австралид жил бүр зохион байгуулагддаг бөгөөд Монгол наадамтай төстэй хурдан морины уралдаан юм.

"Мэлбүрн Кап" морин уралдаан нь Австраличуудын бахархал, соёлын чухал арга хэмжээ бөгөөд Монголчууд баяр наадамд ач холбогдол өгч тэмдэглэдэгтэй ижил юм. Уг уралдаан улс орны үйл ажиллагааг бүхэлд нь зогсоодог гэлцдэг. Арга хэмжээний үеэр загварын хувцас, төрөл бүрийн хоол хүнс, үзвэр үйлчилгээнд анхаарал хандуулдгаараа онцлог. Монголчууд моринд хайртай, морь унах ур чадвараараа дэлхийд гайхагддаг ард түмэн бөгөөд энэ уралдааныг олон монгол иргэд үзэж сонирхдог.

“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд ноён П. Сэргэлэнтэй хийсэн анхны уулзалтын үеэр морин уралдаан болон Монгол наадмын талаар ярилцах завшаан тохиосон юм. Бид Монголд морин уралдааны олон улсын стандарт нэвтрүүлэх, морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд анхаарал хандуулахын зэрэгцээ Монгол морь болон морь унаач, уяачдыг Австралийн "Мэлбүрн Кап" морин уралдаан зэрэг олон улсын томоохон уралдаанд оруулах боломжийн талаар ярилцсан” гэж Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Жон Лангтри онцолсон юм. 

 “Олон улсын стандартад нийцсэн морин уралдааныг зохион байгуулах нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг сайжруулахаас гадна тухайн орны аялал жуулчлалын салбарт том хөрөнгө оруулалт болдог. Монгол улсын арвин баялаг түүх, нүүдэлчин ард түмний соёл уламжлалыг хадгалахын зэрэгцээ морин уралдааны салбарт нэвтрүүлж буй олон улсын шинэ дэвшилтэт технологийг Монголд нутагшуулах боломж бий” гэж сайд П. Сэргэлэн хэллээ.

"Мэлбүрн Кап" морин уралдааны тухай

Австрали Улсын Виктория мужийн морин уралдааны клуб нь “Melbourne Cup” арга хэмжээг 1840 оноос хойш зохион байгуулсаар ирсэн түүхтэй. Энэ уралдааныг 100 гаруй мянган үзэгч цэнгэлдэх хүрээлэнд цугларч үздэг бол 3 сая гаруй хүн телевизээр үздэг байна. Уралдаанд эхний 10 байранд шалгарсан морьдод нийт 6.2 сая австрали долларын шагнал өгдөг бөгөөд түрүүлсэн морь алтан цом, 3.2 сая австрали долларын бай шагналтай. Аравдугаар байранд орсон морины шагналын хэмжээ 125,000 австрали доллар, цом байдаг.  

Уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг  https://www.flemington.com.au/  цахим хуудаснаас авах боломжтой.  

 

____________________________________________________________________________________________________

Австрали оюутнууд Монголд судалгаа хийнэ

2016 оны 9 дүгээр сарын 26

Канберра. Австралийн Засгийн газрын санхүүжүүлдэг боловсролын томоохон хөтөлбөрүүдийн нэг “Шинэ Коломбо төлөвлөгөө” хөтөлбөрийн хүрээнд 2017 онд Австралийн 35 оюутан Монголд ирнэ. 

Австрали улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтри “Австралийн Ньюкаслын их сургууль, Нью Инглэндийн их сургууль, Австралийн үндэсний их сургууль болон Эдит Коуэний их сургуулийн оюутнууд Монголд ирж, эрүүл мэнд, нийгэм, соёлын чиглэлээр судалгаа хийнэ. Энэ нь Австрали оюутнууд МУ-ын талаар илүү гүн гүнзгий мэдлэг мэдээлэлтэй болох, мөн амьдралынх нь туршид үргэлжлэх нөхөрлөлийн эхийг тавина гэж найдаж байна” гэж хэлсэн байна.

“Шинэ Коломбо Төлөвлөгөө” хөтөлбөрийн хүрээнд 2017 онд Австрали оуютнуудын Монголд байхдаа хэрэгжүүлэх төслүүд дараах сэдэвтэй байна. Үүнд:

  • Монгол улсад хэрэгжүүлж болохуйц томоохон санал, санаачилга
  • Орчин цагийн Монгол улс: Байгаль орчин, эдийн засаг, эзэнт гүрэнд тулгарах сорилтууд
  • Монголын нийгэм, соёлын хөгжлийг судлах аялал

Элчин сайд Жон Лангтри “Энэ гайхалтай төслүүдээр дамжуулан, Австрали оюутнууд Монголд сурч, ажиллан, мэдлэг боловсролоо дээшлүүлж, амьдралын туршлага хуримтлуулах бүрэн боломжтой” гэжээ.

“Шинэ Коломбо Төлөвлөгөө” хөтөлбөр нь Австралийн их, дээд сургуулиудад бакалаврын зэргээр сурч буй оюутнуудад Энэтхэг, номхон далайн бүсийн орнуудын талаарх мэдлэгээ дээшлүүлэх, дадлага хийхэд нь зориулсан, Австралийн ЗГ-ын томоохон санал санаачлагын нэг юм. 

Тус хөтөлбөрийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл www.dfat.gov.au/new-colombo-plan цахим хуудаснаас эсвэл @NewColomboPlan жиргээчийг дагаарай.

____________________________________________________________________________________________________

Австралид төгссөн Монголчуудыг хүлээн авч уулзлаа

2016 оны 9 дүгээр сарын 16

Улаанбаатар хот. 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр УИХ, ЗГ-ын агентлаг, төрийн болон хувийн салбарыг төлөөлсөн зуу гаруй монголчууд нэг дор цуглаж байна. Австралид суралцсан монголчууд нэгдэж, санаа бодлоо ийнхүү солилцож байгаагаараа энэ уулзалт онцлогтой юм.

1993 оноос хойш Австралийн ЗГ-ын тэтгэлгээр нийт 400 гаруй монгол хүн Австрали улсад суралцжээ. Мөн жил бүр мянга гаруй монгол оюутан тус улсад хувиараа сурч байна. Англи хэлтэй улсуудаас Монголчууд АНУ-ын дараа Австрали улсад дээд боловсрол эзэмших сонирхолтой байдаг. Англи хэл дээр дээд боловсрол эзэмших сонирхолтой монгол оюутан залуусын хувьд Австрали улс АНУ-ын дараа хоёрт орж байна. Тиймээс тав дахь жилдээ зохиогдож буй “Хил хязгааргүй Австрали” боловсролын үзэсгэлэн яармагийг тохиолдуулан, МУ дахь Австрали улсын Элчин сайдын яам Австралид ЗГ-ын тэтгэлгээр сурсан төдийгүй хувиараа болон бусад тэтгэлгээр боловсролоо санхүүжүүлсэн Монголчуудад “Австралийн дэлхийн төгсөгчдийн холбоо”-нд нэгдэн орох үүд хаалгыг нээж байна.

 

History:

09/02/2017 02:01:53 PM ZE10 Uyanga Bazaa: Published

09/02/2017 02:01:48 PM ZE10 Uyanga Bazaa: Pending Approval

09/12/2016 07:05:58 PM ZE10 Uyanga Bazaa: Published

09/12/2016 07:05:54 PM ZE10 Uyanga Bazaa: Pending Approval

08/12/2016 08:04:54 PM ZE10 Uyanga Bazaa: Published

08/12/2016 08:04:50 PM ZE10 Uyanga Bazaa: Pending Approval

06/12/2016 08:13:56 PM ZE10 Uyanga Bazaa: Published

06/12/2016 08:13:52 PM ZE10 Uyanga Bazaa: Pending Approval

06/12/2016 03:02:59 PM ZE10 Uyanga Bazaa: Published

06/12/2016 03:02:44 PM ZE10 Uyanga Bazaa: Pending Approval

01/12/2016 01:01:11 PM ZE10 Uyanga Bazaa: Published

01/12/2016 01:01:07 PM ZE10 Uyanga Bazaa: Pending Approval

18/11/2016 12:33:15 PM ZE10 Uyanga Bazaa: Published

18/11/2016 12:33:09 PM ZE10 Uyanga Bazaa: Pending Approval

18/11/2016 12:28:29 PM ZE10 Uyanga Bazaa: Published

18/11/2016 12:28:24 PM ZE10 Uyanga Bazaa: Pending Approval

17/11/2016 07:41:59 PM ZE10 Uyanga Bazaa: Published

17/11/2016 07:41:54 PM ZE10 Uyanga Bazaa: Pending Approval

17/11/2016 07:40:26 PM ZE10 Uyanga Bazaa: Published

17/11/2016 07:40:20 PM ZE10 Uyanga Bazaa: Pending Approval