Австралийн Элчин сайдын яам
Монгол Улс

MelbourneMon

"Melbourne Cup"  Монголд

2016 оны 11 дүгээр сарын 1

Улаанбаатар хот. 2016 оны 11 дүгээр сарын 1-ний Мягмар гарагт Монгол Улс дахь Австрали Улсын Элчин сайдын яам “Melbourne Cup” уралдаан үзэх арга хэмжээг Монголд анх удаа зохион байгууллаа. Melbourne Cup нь Австралид жил бүр зохион байгуулагддаг бөгөөд Монгол наадамтай төстэй хурдан морины уралдаан юм.

Melbourne Cup нь Австраличуудын бахархал, соёлын чухал арга хэмжээ бөгөөд Монголчууд баяр наадамд ач холбогдол өгч тэмдэглэдэгтэй ижил юм. Уг уралдаан улс орны үйл ажиллагааг бүхэлд нь зогсоодог гэлцдэг. Арга хэмжээний үеэр загварын хувцас, төрөл бүрийн хоол хүнс, үзвэр үйлчилгээнд анхаарал хандуулдгаараа онцлог. Монголчууд моринд хайртай, морь унах ур чадвараараа дэлхийд гайхагддаг ард түмэн бөгөөд энэ уралдааныг олон Монголчууд үзэж сонирхсон байдаг байна.

“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд ноён П. Сэргэлэнтэй хийсэн анхны уулзалтын үеэр морин уралдаан болон Монгол наадмын талаар ярилцах завшаан тохиосон юм. Бид Монголд морин уралдааны олон улсын стандарт нэвтрүүлэх, морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд анхаарал хандуулахын зэрэгцээ Монгол морь болон морь унаач, уяачдыг Австралийн “Melbourne Cup” зэрэг олон улсын томоохон уралдаанд оруулах боломжийн талаар ярилцсан”  гэж  Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Жон Лангтри онцолсон юм. 

 “Олон улсын стандартад нийцсэн морин уралдааныг зохион байгуулах нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг сайжруулахаас гадна тухайн орны аялал жуулчлалын салбарт том хөрөнгө оруулалт болдог. Монгол Улсын арвин баялаг түүх, нүүдэлчин ард түмний соёл уламжлалыг  хадгалахын зэрэгцээ морин уралдааны салбарт нэвтрүүлж буй  олон улсын  шинэ дэвшилтэт технологийг Монголд нутагшуулах боломж бий” гэж сайд П. Сэргэлэн хэллээ.

 Melbourne Cup-ийн тухай

Австрали Улсын Виктория мужийн морин уралдааны клуб нь “Melbourne Cup” арга хэмжээг 1840 оноос хойш  зохион байгуулсаар ирсэн түүхтэй. Энэ уралдааныг 100 гаруй мянган үзэгч цэнгэлдэх хүрээлэнд цугларч үздэг бол 3 сая гаруй хүн телевизээр үздэг байна. Уралдаанд эхний 10 байранд шалгарсан морьдод нийт  6.2 сая австрали долларын шагнал өгдөг бөгөөд  түрүүлсэн  морь алтан цом, 3.2 сая  австрали долларын бай шагналтай. Аравдугаар байранд орсон морины шагналын хэмжээ 125,000 австрали доллар бөгөөд мөн цом дагалддаг.  

Уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг  https://www.flemington.com.au/  цахим хуудаснаас авах боломжтой.