Улаанбаатар. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар (АМГТГ) Австралийн ЗГ-ын санхүү, техникийн тусламжтайгаар Монгол Улсын Геологийн Мэдээллийн Каталоги (МонГеоКат) системийг 2017 оны 4-р улирлаас эхлэн ашиглах гэж байна. Энэ тухайгаа 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдөр зарлалаа.
МонГеоКат систем нь АМГТГ-т хадгалагддаг геологийн мэдээ мэдээллийг олон нийтэд нээлттэй болгож байгаа юм. Тус системийг нэвтрүүлэхэд АМГТГ-ын Мэдээллийн технологийн төвийн мэргэжилтнүүд Австралийн Үндэсний Геологийн албатай хамтран ажиллажээ. “Австрали улс геологийн мэдээллээ олон нийтэд нээлттэй болгосноор гадаад дотоодын чанартай хөрөнгө оруулалт татаж чадсан. Энэ системийг нэвтрүүлж, байгалийн баялгаа улс орныхоо эдийн засгийг өсгөхөд ашиглаж чадсан тэргүүн туршлагаа Австрали улс Монгол улстай хуваалцаж байгаадаа баяртай байна” хэмээн Австралийн Элчин сайд Жон Лангтри хэлжээ.
МУ-ын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, АМГТГ Монгол улсын үндэсний геологийн мэдээллийн сантай болох урт хугацааны зорилт тавин ажиллаж байна. “Австралийн ЗГ-ын санхүүжилттэй Австрали-Монголын Олборлох салбарын хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад Геологийн мэдээллийн каталоги систем нэвтрүүлж байгаадаа баяртай байна. Геологийн мэдээ мэдээллийг олон улсын жишигт нийцүүлэн, хэрэглэгчдэд түргэн шуурхай, бодитоор хүргэх зорилт маань биелж байна” гэж АМГТГ-ын дарга Б.Баатарцогт ярьжээ.
Австрали-Монголын эрдэс баялгийн салбарын хөтөлбөр нь Австралийн засгийн газрын хөгжлийн туслалцаанаас санхүүжин, 4 сая австрали долларын төсөвтэйгээр 2015 оноос Монгол Улсад хэрэгжиж байна.
2017 оны сүүлч гэхэд олон нийт http://geonet.mris.mn болон http://webgis.mris.mn цахим хуудас дахь геологийн нэгдсэн мэдээллийн каталогоос өөрт хэрэгцээтэй мэдээллээ авах боломж бүрдэнэ.