Австралийн Элчин сайдын яам
Монгол Улс

Австралийн ЗГ-ын тэтгэлэгт хөтөлбөр

Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь Монгол, Австрали хоёр орны хөгжлийн гол хөтөлбөр юм. Энэ тэтгэлэгт хөтөлбөрийн шугамаар 1990-ээд оноос хойш 500 гаруй Монгол иргэн Австрали улсад суралцан төгсөж Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулж ирлээ.

Тэтгэлэгт хөтөлбөрийг Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газар зохицуулдаг.

Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь Австрали улсын Гадаад хэрэг, худалдааны яамны урт хугацааны хөгжлийн хөтөлбөр бөгөөд Монгол улсын хүний нөөцийг бэхжүүлэх зорилтын хүрээнд Монгол улсын иргэдийг Австралийн их сургуулиудад магистр болон докторын зэрэгт суралцуулахад чиглэдэг.

Тэтгэлэгт хамрагдан суралцах хугацаанд оюутнууд мэдлэг, ур чадвараа сургалт судалгаагаар дамжуулан сайжруулах боломж олгодог.

Тэтгэлэгт юу багтах вэ?  

Тэтгэлгийг Австралийн дээд боловсролын байгууллагын тодорхойлсон хичээлийн хөтөлбөрийг дүүргэхэд шаардлагатай хугацаанд олгодог. Үүнд баримжаа олгох сургалтыг хамруулж ойлгоно. Тэтгэлэгт дараах зардлууд багтана. Үүнд:

  • Сургалтын төлбөр
  • Хоёр талын нисэх онгоцны тийз
  • Нэг удаа олгогдох суурьших олговор: байрны түрээс, сурах бичиг болон сургалтын материалын зардлууд
  • Амьжиргааны зардал – яамны тодорхойлсон тарифын дагуу сард хоёр удаа олгодог тэтгэлэг
  • Баримжаа олгох сургалтын зардал – Австрали улсад амьдрах, сурах талаар мэдээлэл агуулсан заавал хамрагдах шаардлагатай 4-6 долоо хоногийн сургалт
  • Гадаад оюутны эрүүл мэндийн даатгал – Тэтгэлгийн хугацаанд зөвхөн тэтгэлэг эзэмшигч оюутанд олгогдоно. Үүнд оюутны эрүүл мэндтэй холбоотой гарч болох зардлууд багтах хэдий ч суурь архаг хууч өвчнийг эмчлэх зардал орохгүй.

Өргөдөл хэрхэн гаргах вэ?

Тэтгэлэгт хөтөлбөрийн материал хүлээн авах хугацаа жил бүрийн 2 дугаар сард эхлэн 4 дүгээр сард хаагддаг. Өргөдлийг цахимаар гаргах бөгөөд дурдсан хугацаанаас хоцорсон материал хүлээн авахгүй.

Өргөдөл гаргахын өмнө тэтгэлгийн бодлогын тухай гарын авлагыг энд дарж уншаарай. Гарын авлагад тэтгэлэгт хөтөлбөрт тавигдах ерөнхий шалгуур, сонгон шалгаруулах үйл явц, тэтгэлгийн хамрах хүрээ, оюутнуудын үүрэг хариуцлагын тухай мэдээлэл бий.

Ерөнхий шалгуураас гадна Монгол улсаас өргөдөл гаргагчид тухайн орны шаардлагыг давхар хангасан байна. Үүнтэй холбоотой мэдээллийг энд дарж татаж авна уу.

Өргөдөл гаргагчид тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахын тулд академик IELTS шалгалтын онооны зохих шаардлагыг хангасан байна. IELTS шалгалтын оноонд тавигдах шаардлагын талаарх мэдээллийг энд дарж уншина уу.

Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хөтөлбөрийн газрын цахим хуудас буюу энд дарж үзнэ үү.

Хөтөлбөрийн талаарх ерөнхий мэдээллийг энд дарж үзнэ үү.

Нэмэлт мэдээлэл

Түгээмэл асуулт, хариулт

Монгол дахь Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн газартай холбогдох