Австралийн Элчин сайдын яам
Монгол Улс

Австрали руу аялах нь

Австрали улс уруу аялах нь

Байгалийн өвөрмөц тогтоц, олон үндэстний соёл, хоол, дарс, ард түмний найрсаг харилцаа, амьдралын хэв маяг бүхий Австрали улс нь жуулчдыг хамгийн ихээр татдаг орнуудын нэг юм.  Австрали мөн ажиллаж амьдрах, бизнес эрхлэхэд таатай оронд тооцогддог.           

Аялал жуулчлал нь Австралийн хамгийн далайцтай, хурдтай хөгжиж буй үйлдвэрлэлийн нэг салбар болж байна. 2011 оны 9 дүгээр сарын 30-ны байдлаар гадаадаас Австралид ирж буй 15-аас дээш насны аялагчдын тоо 5.4 саяд хүрсэн бөгөөд энэ хугацаанд жуулчид нийтдээ 18 тэрбум Австрали доллар зарцуулжээ.

 

Байгаль орчин

Дэлхийн өөр хаана ч байдаггүй олон зүйлийн ургамал амьтан, жигүүртэн шувуу Австралид нутагладгаараа байгаль нь өвөрмөц онцлогтой. Үеийн үед уламжилж ирсэн газар нутаг, байгалийн нөөц баялгаа хууль журмын хүрээнд хадгалж хамгаалахад анхаарсаар иржээ. Австрали улс нь дэлхий дээрх хамгийн хуурай бүсэд оршдог. Хур тунадас бага ордог учир газар нутгийн дөрөвний гурав орчим нь хуурай, цөлийн бүсэд хамаарна. Төвийн цөлжилтийн бүс дэх хуурайшсан газар нутаг хүрээгээ тэлж, баруун эрэг рүү аажмаар түрж байна. Цөлжилтийн энэ бүс нь бусад хуурай газар нутагтай харьцуулахад хөрсний үржил шим маш бага байдаг.       

Иймд Австраличууд хөдөө аж ахуй, эдийн засаг, байгаль хамгааллын өсөн нэмэгдэж буй хэрэгцээ, шаардлагыг хангахын тулд өөрийн орны өвөрмөц онцлог бүхий байгаль, цаг уурын нөхцөлд нийцүүлж, илүү үр өгөөжтэй ажиллах сорилттой тулгарч байна. Австрали нь газар нутгийн хэмжээгээрээ ОХУ, Канад, БНХАУ, АНУ, Бразил улсын дараа ордог дэлхийн зургаа дахь том улс орон хэдий ч хүн амын хувьд харьцангуй цөөн. Австрали тивийн өргөн уудам нутгийг эзлэн оршдог ч газар нутгийн ихэнх хувийг далайн эрэг дагуух хот суурин газар эзлэх болжээ. Австраличуудын 80 гаран хувь нь далайн эргээс зуун километрээс холгүй зайд амьдарч байна.        

Австралийн үржил шимтэй газар нутгийн хувьд усжуулалт сайтай бөгөөд хүнсний хэрэгцээг хангахад хөдөө аж ахуйн газар нутгийг маш үр өгөөжтэй хэлбэрээр ашигладаг. Хуурай газарт хонь, үхэр мал бэлчээрлэдэг хэдий ч хөрс хамгаалах тал дээр анхаарах шаардлагатай байна. Хур тунадас багасч, ган гачиг болж байгаагаас шалтгаалан зарим бэлчээрийн газар нутаг цөлжих болсон.     

Дэлхийн цаг уур дулаарч, мөсөн уулс хайлахын зэрэгцээ далайн усны түвшин аажмаар нэмэгдэж, Шинэ Гвиней ба Тасмани аралтай нийлсэн жижиг хуурай газрууд усанд автах болов. Усанд автсан газар нутагт Күийнсландын усан доорх агуу том шүрэн хадан цохионууд бий болж байна.        

Онгон зэрлэг байгальд олон мянган жилийн настай эртний ургамлын төрөл, зүйлс одоо ч ургадаг. Харамсалтай нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, үнэг, туулай гэх мэт жижиг амьтдын учруулж буй хор хөнөөлөөс болж, сүүлийн хоёр зуун жилд олон зүйлийн уугуул ургамал, амьтан устаж байна. Өнөөдөр эдгээр асуудлыг зохицуулах зорилгоор Австрали улс шинжлэх ухаан, хууль эрх зүйн хүчирхэг орчныг бий болгон ажиллаж байна. Австраличууд өөрсдийн өвөрмөц тогтоц бүхий байгаль, нутаг орноо хадгалж, хамгаалах тал дээр идэвх санаачилгатай ажиллаж байна.   

Австралийн байгаль орчны талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Australian Department of the Environment хэсгээс үзнэ үү.              

 

Аялал жуулчлалын вэбсайтууд

Tourism Australia

Australia.com

Australia.gov

State tourism websites

 

Олон улсын жолооны үнэмлэх

Австрали улсын жолооны үнэмлэх олгодог байгууллагууд нь зарим улс орны жолооны үнэмлэхийг хүлээн зөвшөөрдөг. Австрали улсын жолооны үнэмлэх авах шаардлагатай эсэх нь тухайн хүний визийн ангиллаас хамаарна. Австрали улсын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох, олон улсын жолооны үнэмлэхтэй холбоотой бусад шаардлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. Энэ вэбсайтаас Австралийн зам тээврийн удирдах газраас хүлээн зөвшөөрсөн зарим нэг улс орны жагсаалтыг үзэх боломжтой.           

 

Австрали улсад ажиллах нь

Австрали улсад ажил эрхлэхтэй холбоотой мэдээллийг энд дарж үзнэ үү.

 

Хил гааль, биологийн аюулгүй байдал

Австрали улсын хилээр нэвтрэх хүн, амьтан, бараа бүтээгдэхүүн, агаарын болон усан тээврийн хэрэгсэл нь Австралийн Хөдөө Аж Ахуй, Усны нөөц, Ойн яам болон Австралийн Хил Хамгаалах Газраас гаргасан биологийн аюулгүй байдал, хил гаалийн журмыг заавал дагаж мөрдөнө.

 

Эх сурвалжууд

Australia in Brief хэсэгт Австрали улсын түүх, газар нутаг, хүн ард болон тэдний амьдралын хэв маяг, соёлын талаарх албан ёсны товч мэдээлэл бий. Энэ хэсэгт мөн Австрали улсын эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын ололт амжилт, гадаад бодлого, худалдаа, батлан хамгаалах салбарын бодлогын талаарх товч мэдээлэл авах боломжтой.  

Overview of Australia хэсэгт Австрали улсын худалдаа, гадаад харилцаа, эдийн засаг, байгаль орчин, засгийн газар, уугуул иргэд, шинжлэх ухаан, соёлын талаарх ерөнхий мэдээлэл бий.

Australia.gov.au цахим порталаас Австрали улсын Засгийн газрын мэдээлэл, үйлчилгээ авах боломжтой.

 

Утасны лавлах

Австралийн цагаан хуудсууд
Австралийн шар хуудсууд

 

Цагийн бүс

Австралийн цагийн бүс