Австралийн Элчин сайдын яам
Монгол Улс

Дипломат харилцаа

Австрали, Монголын дипломат харилцаа

Австрали, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг 2017 онд тэмдэглэн өнгөрүүллээ. Австрали улс Монгол улстай 1972 оны 9 сарын 15-нд дипломат харилцаа тогтоосон билээ. Монгол улсад 1990-ээд оны эхээр ардчилал, чөлөөт эдийн засгийн шинэчлэл гарснаас хойш хоёр талын харилцаа идэвхтэй явагдаж ирсэн. Хөгжлийн тусламж, Монгол улсын байгалийн нөөц баялгийн салбарт явуулж байгаа арилжааны үйл ажиллагаанд тус харилцааны гол чиглэл төвлөрч байна. Мөн иргэд хоорондын харилцаа холбоо бэхжиж, улс төрийн харилцаа гүнзгийрч байна.

Монгол улс Элчин сайдын яамаа Канберра хотноо 2008 онд нээсэн. Австрали улс Элчин сайдын яамаа Улаанбаатар хотноо 2015 оны 12 сард нээж байв.   

Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээсэн нь хоёр талын харилцааны томоохон үйл явдал бөгөөд Австрали нь тус улсын ашигт малтмалын салбарт чухал хөрөнгө оруулагч, туршлага, мэдлэгийн эх үүсвэр гэдгийг илтгэн харуулж, Австрали, Монгол хоёр улс ардчиллыг эрхэмлэн дээдлэх, бүс нутагт нээлттэй, дүрэм журамд үндэслэсэн дэг журамтай байх ижил ашиг сонирхолтойгоо илэрхийлсэн билээ. 2011 оноос хойш Австралийн Худалдаа, хөрөнгө оруулалтын төлөөлөгчийн газар (AusTrade) Австралийн бизнесийн үйл ажиллагаанд туслах зорилгоор Улаанбаатар хотод үйл ажиллагаагаа явуулж байна.

 

Иргэд хоорондын харилцаа

Австрали, Монголын иргэд хоорондын харилцаа, холбоо улам бэхжиж байна. Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр 530 гаруй монголчуудад (гэр бүлийнхээ хамт) Австралид сурах боломж олгожээ. Моззичууд» хэмээн дотночлон нэрийдсэн төгсөгчдийн сүлжээнд хамрагдсан хүмүүсээс олон хүн Монголын нөлөө бүхий УИХ-ын гишүүд, албан хаагчид, бизнес эрхлэгчид болжээ.

Австралийн сайн дурын ажилтнууд олон жилийн өмнөөс Монгол улсад ажиллаж эхэлсэн юм. 2002 оноос хойш 250 гаруй Австрали мэргэжилтэн сайн дураараа Монгол улсад ирж ажиллан, тус улсын хөгжилд хувь нэмрээ оруулжээ. 2018-2019 онд шинээр сайн дурын 22 ажилтан ажиллах юм.

 

Бизнесийн харилцаа

Бизнес түншлэл Австрали, Монгол хоёр орны харилцааг бэхжүүлж байна. Монголд 650 гаран Австрали иргэн амьдардаг бөгөөд богино хугацааны томилолтоор ирж очиж буй Австрали иргэдийн тоо мянгаас буурахгүй байна. Австралийн тавь орчим компани Монгол улсад салбартай. Эдгээрийн дотор уул уурхайн салбарт ажилладаг Австралийн томоохон компани болох Рио Тинто (долоон тэрбум долларын Оюу Толгой төслийн гол хөрөнгө оруулагч, уурхайн компани), Тиэс (уул уурхайн гэрээт компани), Минтер Эллисон (хуулийн байгууллага), санхүүгийн компаниуд (Си Пи Эс Секюритис болон Гаррисон Капитал) зэрэг олон аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа эрхэлж байна.

 

Батлан хамгаалах

Австрали, Монгол улс нь батлан хамгаалах, аюулгүй байдал зэрэг олон салбарт бүс нутаг, дэлхийн хэмжээний асуудлаар хамтран ажилладаг. Олон улсад энхийг сахиулах, аюулгүй байдал хангах үйл ажиллагаанд өөрсдийн хувь нэмрээ оруулах нь хоёр орны хамтын ажиллагааны гол чиглэл байсаар ирсэн. НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд Австрали, Монгол улсын цэргийн албан хаагчид мөр зэрэгцэн алба хаасаар ирсэн. Монгол улсаас 800 гаруй цэргийн албан хаагч, бие бүрэлдэхүүн Өмнөд Судан дахь энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцоод байна. Түүнчлэн хоёр улс Ирак, Афганистанд явуулсан эвслийн үйл ажиллагаа, Косово, Сиерра Леоны энхийг сахиулах ажиллагаанд албан хаагчдаа оролцуулсан билээ. Монгол улсад жил бүр зохион байгуулагддаг “Хааны эрэлд” энхийг дэмжих хамтарсан цэргийн сургуулилтад Австрали улс оролцдог.