Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалт
Төслийн санхүүжилт: 5,200,000 австрали доллар
Төслийн хугацаа: 2014 оны 4 сараас 2019 оны 2 сар
Төсөл хэрэгжиж буй аймаг: Өмнөговь аймаг
Төслийн үр өгөөжийг хүртэгсэд: Өмнөговь аймгийн Даланзадгад хотын Политехникийн коллеж, Өмнөговь аймаг, Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Өмнөговь аймгийн залуучууд, ард иргэд.
Австрали Улс Өмнөговь аймгийн ард иргэд мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшиж, ажлын байртай болох боломжоо нэмэгдүүлэхэд чиглэсэн дэмжлэг үзүүлж буйдаа таатай байна.
Ашигт малтмалын салбар дахь түншлэлд суурилсан мэргэжлийн боловсрол сургалтын төсөл нь Өмнөговь аймгийн Политехникийн коллежийн оюутнуудад тодорхой сургалтын хөтөлбөрийн дагуу мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх , багш нарын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, хүүхэд залуус мэргэжлээ сонгох, мэргэжлийн чиг баримжаа авахад туслан зөвлөгөө үзүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг хэрэгжүүлж байна.
Төслийн хүрээнд 2017 онд Өмнөговь аймгийн Политехникийн коллеж ба Австралийн Мелбурны Политехникийн коллежийн хооронд хамтран ажиллах түншлэлийн харилцаа тогтож, тус коллежийн ажилтнууд зарим мэргэжлийн сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэхэд оролцов. Мэргэжлийн зэрэг олгох сургалтад элсэх боломжгүй орон нутгийн ажилгүй иргэдэд ажилд эргэж орох, ажил эрхлэх боломжоо нэмэгдүүлэхэд шаардлагатай ур чадвар эзэмшихэд нь туслах зорилгоор төслөөс богино хугацааны сургалт явуулж байна. Эдгээр сургалтыг Политехникийн коллеж Өмнөговийн хөдөлмөрийн хэлтсээс гаргасан чиглэлд уялдуулан хүргэж байна.
Төсөл гурван бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ:
1. Мэргэжлийн боловсрол сургалт (албан боловсрол)
2. Богино хугацааны ур чадварын сургалт
3. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт
1-р бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд барилга, аж үйлдвэрийн механик, өрлөг, гагнуур болон хүнд машин механизм чиглэлээр чадамжид суурилсан шинэ хөтөлбөр боловсруулан туршилтын журмаар хэрэгжүүлж эхэлснээс хойш нийт 299 оюутныг хамруулан сургаснаас 153 оюутан төгсөөд байна. Багш нарын мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх сургалтад мөн хамруулж байгаагаас гадна олон улсын жишигт нийцсэн гагнуурын сургалтын анги танхимыг байгуулан сургалтын орчинг сайжруулж байна. Түүнчлэн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран Монголын мэргэжлийн боловсрол сургалтын хөтөлбөр, стандарт боловсруулахад дэмжлэг үзүүлсэн.
2-р бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Өмнөговь аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажлын байргүй хүмүүст хөдөлмөрийн зах зээлд өндөр эрэлт хэрэгцээтэй гагнуур, аж үйлдвэрийн электроник, интерьер дизайн, хүнд машин, механизмын ажиллагаа, хөдөлмөрийн эрүүл ахуй болон аюулгүй байдал чиглэлээр богино хугацааны сургалт явуулж байна.
3-р бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд залуучуудад мэргэжлээ сонгоход туслах ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйл ажиллагаа явуулж байна. Үүнд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэргэжилтнүүд бэлтгэх, Өмнөговь аймгийн Политехникийн коллежид ажил мэргэжлийн баримжаа олгох байнгын орон тоо бүрдүүлж, үйлчилгээ үзүүлэх зэрэг цогц арга хэмжээ авч байна.
Австрали улс Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран энэ төслийг хэрэгжүүлж буйдаа таатай байна.
Тус хөтөлбөр нь амжилттай хэрэгжиж буй бөгөөд энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл та энд дарна уу.
Нэмэлт мэдээллийг эндээс үзнэ үү.