Монгол Улс, Австрали Улсын Батлан хамгаалах яамд хоорондын зөвлөлдөх уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
2018.11.15
Монгол Улс, Австрали Улсын Батлан хамгаалах яамд хоорондын тав дахь удаагийн зөвлөлдөх уулзалт 2018 оны 11 дүгээр сарын 15-наас 16-ны хооронд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдлаа.
Зөвлөлдөх уулзалтыг Монголын талаас Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга бригадын генерал Г.Сайханбаяр, Австралийн талаас Батлан хамгаалах яамны Олон Улсын Бодлого зохицуулалтын газрын Зүүн Хойд Азийн асуудал эрхэлсэн захирал хатагтай Карен Радфорд нар хамтран удирдав.
Талууд хоёр орны батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд гарсан амжилт ололтыг дүгнээд ирэх 2019 онд хүрэх зорилтуудыг тодорхойлов.
Мөн Австрали Улсын батлан хамгаалахын төлөөлөгчид зөвлөлдөх уулзалтад оролцохын өмнө Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдоржтой уулзав. Дэд сайд уулзалтын үеэр хоёр орны салбарын хамтын ажиллагаа улам гүнзгийрч буйг онцлов.
_________________________________________________________________________
Бичил төслийн хөтөлбөр 2018-2019 оны шалгаруулалт
2018.08.24
Австрали Улсын Элчин Сайдын яамнаас зарладаг “Бичил Төслийн Хөтөлбөр”-ийн 2018-2019 оны сонгон шалгаруулалтын дүн гарлаа. Сонгон шалгаруулалтад нийт 197 байгууллага оролцсоноос 8 байгууллага шалгарч төсөл хэрэгжүүлэхээр боллоо.
Шалгаруулалтад амжилттай оролцож, сонгогдсон найман байгууллага нь эрүүл мэнд, эмнэлгийн яаралтай тусламж, гамшигтай тэмцэх, хүний эрхийг хамгаалах, спортоор дамжуулж залуучуудыг хөгжүүлэх явдлыг дэмжих зэрэг чиглэлээр ажиллаж буй төв, орон нутгийн байгууллагуудын төлөөлөл болж байгаа бөгөөд дараах төслүүдийг хэрэгжүүлэх юм.
Шалгаруулалтад амжилттай оролцож, сонгогдсон найман байгууллага нь эрүүл мэнд, эмнэлгийн яаралтай тусламж, гамшигтай тэмцэх, хүний эрхийг хамгаалах, спортоор дамжуулж залуучуудыг хөгжүүлэх явдлыг дэмжих зэрэг чиглэлээр ажиллаж буй төв, орон нутгийн байгууллагууд байгаа бөгөөд нийт 240 000 австрали долларын буцалтгүй тусламж авах юм.
Эдгээр найман байгууллага дараах төслүүдийг хэрэгжүүлэх юм.
- Онцгой байдлын ерөнхий газар Сэлэнгэ, Хэнтий аймгийн зарим суманд ой, хээрийн түймэртэй тэмцэх орон нутгийн иргэдийн сайн дурын бүлгүүдийг байгуулж, шаардлагатай хувцас, багаж төхөөрөмжөөр хангах, сургалтад хамруулах, бодлого, журам боловсруулах цогц үйл ажиллагаа бүхий төсөл хэрэгжүүлнэ.
- Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа мэс засал, яаралтай тусламж, үйлчилгээ чадавхжуулах төвөөс Өмнөговь аймгийн Ханбогд дахь Сум дундын эмнэлгийн эмч, сувилагч нарыг гэмтэл согог, эх барих чиглэлээр яаралтай мэс засал хийх, тусламж үзүүлэхэд сургаж ур чадвар, мэдлэгийг нь нэмэгдүүлэх юм. Тус төсөл нь Австрали Улсын Элчин сайдын яам, НҮБ-ын Хүн амын сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн Сан, Оюу Толгой, Говийн Оюу хөгжлийн сан, Монгол Улсын Засгийн газар болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, ТББ-ууд хамтран хэрэгжүүлэх Өмнөговь аймгийн хүн амын эрүүл мэндийг дэмжих цогц дэмжлэг хөтөлбөрийн нэг хэсэг юм.
- Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газраас хэрэгжүүлэх төслөөр Ханбогд, Хүрмэн сумын иргэдэд эрүүл мэндийн явуулын тусламж үйлчилгээ үзүүлэх чадавх бүрдэнэ. Өмнөговь аймгийн хүн амын эрүүл мэндийг дэмжих цогц дэмжлэг хөтөлбөрийн бас нэг бүрэлдэхүүн хэсэг болох энэ төслөөр хэт авиан зураг, зүрхний цахилгаан бичлэг хийх, цусны даралт хэмжих зэрэг үйлчилгээг иргэдэд шууд үзүүлэх бодит боломж бүрдэнэ.
- Монголын Хүйсийн тэгш эрхийн төв нь Орхон, Сэлэнгэ аймгуудын эрүүл мэнд, нийгэм, цагдаагийн албаны ажилтнуудад хүйсэд суурилсан гэмт хэрэгтэй нэгдсэн байдлаар тэмцэх чиглэлээр сургалт, уулзалтууд зохион байгуулж, ийм гэмт хэрэгт өртөн хохирогдогсдод туслалцаа үзүүлнэ.
- Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгээс хэрэгжүүлэх төслийн үр дүнд Мөрөн сумын 0-5 насны хүүхдүүдийн түлэгдэлтийн түвшинг бууруулж, эмчилгээний чанарыг дээшлүүлнэ. Төслөөр эмч, сувилагч нарыг сургалтад хамруулах, эмчилгээний зарим тоног төхөөрөмжөөр хангах, эцэг эх, сургууль цэцэрлэг, олон нийтийн дунд нөлөөллийн арга хэмжээ зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна.
- Завхан аймгийн Дөрвөлжин сумын Эрүүл мэндийн төв цус, шээсний суурь шинжилгээ хийх багаж төхөөрөмж, дутуу нярай хүүхдийг бойжуулах инкубатортай болсноор тус сумын 2200 иргэн сумандаа суурь шинжилгээ өгөх боломжтой болохоос гадна дутуу төрөлтөөс үүдэлтэй нярайн эндэгдлийг бууруулах нөхцөл бүрдэнэ.
- ЛГБТ төв бэлгийн цөөнх иргэдийн эсрэг ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэх зорилгоор нөлөөллийн цогц үйл ажиллагаа явуулна.
- Ноён спорт клуб Улаанбаатар хотын ерөнхий боловсролын зургаан сургуульд гар бөмбөг/волейбол/-ийн дамжаа хичээллүүлж 120 хүүхэд сургана. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энэхүү сургалтад хамруулж, гар бөмбөгийн хичээл заах, сургах арга барилд 18 дасгалжуулагч багшийг мөн сургана.
Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
_________________________________________________________________________
“Эртний мастерууд: Австралийн холтсон дээрх зургийн аугаа төлөөлөгчид” олон улсын явуулын үзэсгэлэн Дархан-Уул аймагт
2017.11.14
Австрали, Монголын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойн хүрээнд Австралийн Элчин сайдын яам, Австралийн Үндэсний музей, Дархан-Уул аймгийн музейтэй хамтран, “Эртний мастерууд: Австралийн холтосны агуу зураачид” зургийн үзэсгэлэнг 2017 оны 11 дүгээр сарын 20-ноос 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд гаргах гэж байна.
Мөн энэ үеэр Дархан-Уул аймгийн арван жилийн хүүхдүүдийн дунд Австрали Монголын харилцаа, хоёр орны түүх, зан заншил, соёлын талаар илүү ойлголт мэдлэгтэй болгох зорилгоор эсээ бичлэг, баримлын шавраар бүтээл хийх уралдаан зарлаж байна.
Уралдааны удирдамж, дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Зургийн үзэсгэлэнгийн талаар
“Эртний мастерууд: Австралийн холтосны агуу зураачид” үзэсгэлэнд багтсан бүтээлүүд нь Австралийн соёлын үнэт өвд тооцогддог. Австралийн Үндэсний музейн цуглуулгад багтдаг эдгээр зургаар Австрали олон улсад явуулын үзэсгэлэн гаргасаар иржээ. Монгол дахь Австралийн Элчин сайдын яам тус үзэсгэлэнг Улаанбаатар хотноо 2017 оны 6 дугаар сарын 25-наас 29-ний өдрүүдэд Блю Мүүн галерейд гаргасан бол 11-12 дугаар сард Дархан-Уул, 2018 оны 1-2 дугаар сард Орхон аймагт гаргана.
Австралийн хойд хэсэгт оршин суудаг Арнхем нутгийн уугуул иргэд хэдэн мянган жил бүтээж ирсэн холтос дээрх зургийг 20-р зууны сүүлээр дэлхийн урлагийн агуу уламжлал хэмээн хүлээн зөвшөөрчээ. Модны холтос дээр шороогоор зуурсан зосоор зурсан учир эдгээр зургийг газар эхийн бүтээл гэж хэлж болно.
1948 онд Лондон хотын “Таймс” сонинд хэвлүүлсэн нийтлэлд Австралийн Арнхем нутгийн уугуул зураачдыг “эртний мастерууд” гэжээ. Арнхем нутгийн холтосны зураачид өнгөрсөн хэдэн арван жилийн хугацаанд дэлхийн урлагийн ертөнц, олон нийтийн анхаарлыг татах болсон. Холтсон дээрх зураачдын дараачийн үе зургийн урлаг, өв соёлоо шинэ чиглэлд баяжуулан, хөгжүүлж байна. Үзэсгэлэнд толилуулж буй бүтээлүүд нь Арнхем нутгийн баруун, зүүн, төвийн бүсийн онцлогийг харуулсан. Баруун Арнхем нутагт бэлэг тэмдгийн дүрс түлхүү байр суурь эзэлдэг. Зүүн Арнхем нутагт геометрийн ба уламжлан тогтсон дүрс ашигладаг бол төв Арнхем нутагт зураачид энэ хоёр арга барилыг хослуулах хандлагатай. Эртний Мастерууд үзэсгэлэн гурван бүсийн холтсон дээрх зургийн томоохон сэдвүүд болох өвөг дээдсийн ертөнц, өөрийгөө хэн гэдгийг илэрхийлсэн байдал, орчин үеийн амьдралын талаарх бодролыг харуулна.
_________________________________________________________________________
"Мелбүрн Кап" Австралийн морин уралдааныг Монголд үзлээ
2016 оны 11 дүгээр сарын 1
2016 оны 11 дүгээр сарын 1-ний Мягмар гарагт Монгол Улс дахь Австрали Улсын Элчин сайдын яам “Melbourne Cup” уралдаан үзэх арга хэмжээг Монголд анх удаа зохион байгууллаа. Melbourne Cup нь Австралид жил бүр зохион байгуулагддаг бөгөөд Монгол наадамтай төстэй хурдан морины уралдаан юм.
Melbourne Cup нь Австраличуудын бахархал, соёлын чухал арга хэмжээ бөгөөд Монголчууд баяр наадамд ач холбогдол өгч тэмдэглэдэгтэй ижил юм. Уг уралдаан улс орны үйл ажиллагааг бүхэлд нь зогсоодог гэлцдэг. Арга хэмжээний үеэр загварын хувцас, төрөл бүрийн хоол хүнс, үзвэр үйлчилгээнд анхаарал хандуулдгаараа онцлог. Монголчууд моринд хайртай, морь унах ур чадвараараа дэлхийд гайхагддаг ард түмэн бөгөөд энэ уралдааныг олон Монголчууд үзэж сонирхсон байдаг байна.
“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд ноён П. Сэргэлэнтэй хийсэн анхны уулзалтын үеэр морин уралдаан болон Монгол наадмын талаар ярилцах завшаан тохиосон юм. Бид Монголд морин уралдааны олон улсын стандарт нэвтрүүлэх, морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд анхаарал хандуулахын зэрэгцээ Монгол морь болон морь унаач, уяачдыг Австралийн “Melbourne Cup” зэрэг олон улсын томоохон уралдаанд оруулах боломжийн талаар ярилцсан” гэж Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Жон Лангтри онцолсон юм.
“Олон улсын стандартад нийцсэн морин уралдааныг зохион байгуулах нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг сайжруулахаас гадна тухайн орны аялал жуулчлалын салбарт том хөрөнгө оруулалт болдог. Монгол Улсын арвин баялаг түүх, нүүдэлчин ард түмний соёл уламжлалыг хадгалахын зэрэгцээ морин уралдааны салбарт нэвтрүүлж буй олон улсын шинэ дэвшилтэт технологийг Монголд нутагшуулах боломж бий” гэж сайд П. Сэргэлэн хэллээ.
Melbourne Cup-ийн тухай
Австрали Улсын Виктория мужийн морин уралдааны клуб нь “Melbourne Cup” арга хэмжээг 1840 оноос хойш зохион байгуулсаар ирсэн түүхтэй. Энэ уралдааныг 100 гаруй мянган үзэгч цэнгэлдэх хүрээлэнд цугларч үздэг бол 3 сая гаруй хүн телевизээр үздэг байна. Уралдаанд эхний 10 байранд шалгарсан морьдод нийт 6.2 сая австрали долларын шагнал өгдөг бөгөөд түрүүлсэн морь алтан цом, 3.2 сая австрали долларын бай шагналтай. Аравдугаар байранд орсон морины шагналын хэмжээ 125,000 австрали доллар бөгөөд мөн цом дагалддаг.
Уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://www.flemington.com.au/ цахим хуудаснаас авах боломжтой.
_________________________________________________________________________
Австрали оюутнууд Монголд судалгаа хийнэ
2016 оны 9 дүгээр сарын 26
Австралийн Засгийн газрын санхүүжүүлдэг боловсролын томоохон хөтөлбөрүүдийн нэг “Шинэ Коломбо төлөвлөгөө” хөтөлбөрийн хүрээнд 2017 онд Австралийн 35 оюутан Монголд ирнэ.
Австрали улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтри “Австралийн Ньюкаслын их сургууль, Нью Инглэндийн их сургууль, Австралийн үндэсний их сургууль болон Эдит Коуэний их сургуулийн оюутнууд Монголд ирж, эрүүл мэнд, нийгэм, соёлын чиглэлээр судалгаа хийнэ. Энэ нь Австрали оюутнууд МУ-ын талаар илүү гүн гүнзгий мэдлэг мэдээлэлтэй болох, мөн амьдралынх нь туршид үргэлжлэх нөхөрлөлийн эхийг тавина гэж найдаж байна” гэж хэлсэн байна.
“Шинэ Коломбо Төлөвлөгөө” хөтөлбөрийн хүрээнд 2017 онд Австрали оюутнуудын Монголд байхдаа хэрэгжүүлэх төслүүд дараах сэдэвтэй байна. Үүнд:
- Монгол улсад хэрэгжүүлж болохуйц томоохон санал, санаачилга
- Орчин үеийн Монгол улс: Байгаль орчин, эдийн засаг, Монголын эзэнт гүрэн
- Монголын нийгэм, соёлын хөгжлийг судлах аялал
Элчин сайд Жон Лангтри “Энэ гайхалтай төслүүдээр дамжуулан, Австрали оюутнууд Монголд сурч, ажиллан, эрдмийн болон амьдралын туршлага хуримтлуулах бүрэн боломжтой” гэжээ.
“Шинэ Коломбо Төлөвлөгөө” хөтөлбөр нь Австралийн их, дээд сургуулиудад бакалаврын зэргээр сурч буй оюутнуудад Энэтхэг, номхон далайн бүсийн орнуудын талаарх мэдлэгээ дээшлүүлэх, дадлага хийхэд нь зориулсан, Австралийн ЗГ-ын томоохон санал санаачилгын нэг юм.
Тус хөтөлбөрийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл www.dfat.gov.au/new-colombo-plan цахим хуудаснаас эсвэл @NewColomboPlan жиргээчийг дагаарай.
_________________________________________________________________________
Австрали, Монгол эмч нарыг хүлээн авч уулзлаа
2016 оны 8 дугаар сарын 15
Улаанбаатар хот. 2016 оны 8 дугаар сарын 15-ны Даваа гарагт Австралийн Элчин сайд Жон Лангтри Интерпласт олон улсын байгууллагын шугамаар ирсэн Австрали эмч нар, ГССҮТ, Монголын мэдээгүйжүүлэгч эмч нарын нийгэмлэгийн эмч, удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Хүлээн авалтад мөн Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Хавдрын үндэсний зөвлөлийн Гүйцэтгэх захирал Б.Цэцэгсайхан, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Халдварт өвчний бүсийн захирал Марк Жэйкобс, ИБУИНВУ-ын Элчин сайд Катрин Арнолд, Канадын Элчин сайд Эд Жагер нарын хүндэт зочид хүрэлцэн ирсэн.
Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Монголын эмч нарт түлэнхийн менежмент, гоо сайхны болон сэргээн засах мэс заслын сургалт явуулж байгаад нь Австрали эмч нарт талархлаа илэрхийлж, энэ чиглэлээр мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх нь Монгол эмч нарын хувьд тун чухлыг онцлон тэмдэглэсэн. Австралийн Элчин сайд Жон Лангтри “Австрали, Монгол орон зөвхөн түргэн тусламж, гэмтлийн дараах тусламж төдийгүй алслагдсан аймаг сумд, хөдөө нутагт байгаа түлэнхийн гэмтэлтэй ард иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн хүргэх чиглэлээр бие биенээсээ суралцах зүйл их байгаа” гэсэн юм.
Интерпластын эмч нарын баг Монголд байх хугацаандаа ГССҮТ-ийн Түлэнхийн тасаг, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нартай хамтран, түлэнхийн сорви, гэмтэлтэй хүмүүст гоо сайхны болон сэргээн засах мэс засал хийж, мэдээгүйжүүлэлт, түлэнхийн эмчилгээний сүүлийн үеийн арга техникийг Монгол эмч нарт заана. Тэд 2016 оны 8 дугаар сарын 17-ноос 20-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн, 22-ноос 25-ны өдрүүдэд ГССҮТ-д ажиллах юм.
Австралийн Элчин сайдын яам Интерпласт олон улсын байгууллагаас гадна эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон байгууллагыг дэмжин ажиллаж байна. Үүнд хүний папилома вирусын халдвараас сэргийлэх вакцины үр дүнг судлах, хавдартай тэмцэж буй Хавдрын үндэсний зөвлөл, БЗХӨ, ДОХ/ХДХВ-ын оношлогоо эмчилгээ хийж байгаа Халдварт өвчин судлалын үндэсний төв, гомо, лесби, бисексуал, трансжендер, интерсексуал иргэдийн хэрэгцээнд тулгуурласан эрүүл мэндийн стратеги боловсруулж буй ЛГБТ төв, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран хамгаалагч, нарт дэмжлэг үзүүлдэг Нөхөн сэргээх үндэсний төв, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, тэдний бие даан амьдрах боломжийг дэмждэг Түгээмэл хөгжил төв, мөн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээг сайжруулахаар ажилладаг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо багтаж байна.
_________________________________________________________________________
Итгэмжлэх жуух бичгээ барилаа
2015 оны 12 дугаар сарын 22
Австрали улсаас Монгол улсад суух анхны суурин Элчин сайд ноён Жон Лангтри Монгол улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Итгэмжлэх жуух бичгээ 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн барилаа.
Итгэмжлэх жуух бичиг гардуулсны дараа ноён Элчин сайдын хэлсэн үг:
Австрали улсаас Монгол улсад суух анхны суурин Элчин сайдаар томилогдож байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг бөгөөд Монгол Австрали улсын хооронд найрсаг дотно харилцаа, хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэн хөгжүүлнэ гэдэгт итгэл төгс байна. Манай хоёр орон ардчилсан үзэл баримтлал, эдийн засгийн хөгжил, боловсролыг үнэлэх үнэлэмж зэрэг нэгдмэл ашиг сонирхол бүхий үнэт зүйлсийг эрхэмлэхийн зэрэгцээ журамд захирагдсан бүс нутгийн тайван байдлыг харилцан хүндэтгэж ирсэн билээ.
Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Австрали улсын 50 гаруй аж ахуйн нэгж байгууллагын хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх, шинээр үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой байгууллагатай хамтран ажиллах хүсэл зорилго дүүрэн байна. Австрали улсын Засгийн газрын тэтгэлгээр 400 гаруй Монгол залуучууд тус улсын их дээд сургуулиудад амжилттай суралцахын зэрэгцээ Австралийн соёл урлаг, спортын талаар мэдлэг хуримтлуулан эх орондоо эргэн ирж ажиллаж амьдарч байна. Тэдэнтэй санал бодлоо хуваалцах боломж гарна гэдэгт итгэлтэй байна.
2016 он Элчин сайдын яамны хувьд ажил, хөдөлмөр ундарсан эрч хүчээр дүүрэн жил байх бөгөөд оны эцэст Элчин сайдын яам бүрэн бүрэлдэхүүнээрээ байгуулагдаж үйл ажиллагаа явуулах болно. Дэлхийн олон орны удирдагчид оролцох ACEM-н дээд түвшний уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулахад өөрсдийн боломжоор дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Түүнчлэн хөрөнгө оруулалтын чиглэлээрх хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд хүчин зүтгэл гарган ажиллана.
2015 онд багтаан Австрали улсын Элчин сайдын яам байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлсэн Монгол улсын Засгийн газарт талархал илэрхийлье. Энэхүү сайхан орны түүх, соёлын талаар илүү ихийг мэдэж авах, Монгол улсад ажиллаж амьдарч буй Австрали найз нөхдийн хүрээг тэлэхийн зэрэгцээ Монгол улсын Засгийн газартай илүү ойр хамтран ажиллан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд анхааран ажиллах болно.
Жон Лангтри
Австрали улсаас Монгол улсад суух Элчин сайд