Олон улсын хөгжлийн төлөөх “Австралийн сайн дурын ажилтан” хөтөлбөрийн тухай
AVID буюу “Олон улсын хөгжлийн төлөөх Австралийн сайн дурын ажилтан” хөтөлбөрийн зорилго нь Монгол улсын тогтвортой эдийн засгийн хөгжлийг дэмжиж, ядуурлыг бууруулахад хувь нэмрээ оруулахад оршино.
Тус хөтөлбөр 1998 оноос хойш хэрэгжих хугацаанд 300 гаруй сайн дурын ажилтан Монголд ирж ажилласан байна. Тэрээр жил бүр 22 сайн дурын чадварлаг мэргэжилтэн ирж ажилладаг бөгөөд хоёр улсын харилцаа, ард иргэдийн найрсаг харьцааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна.
Хөтөлбөрийн чиглэл - Салбарууд
2017 оноос AVID Mongolia хөтөлбөр нь Монгол улсын эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжиж, ядуурал бууруулах үндсэн зорилтын дагуу дараах чиглэлээр сайн дурын ажилтнуудыг ажиллуулна. Үүнд:
- боловсролын салбарын үр өгөөж, чанарыг сайжруулах
- эрдэс баялгийн салбарын менежмент
- хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх
- хүүхэд, эмзэг давхарга болон цөөнхийн эрх ашгийг хамгаалах
- хүний эрхийг хамгаалах, өмгөөлөх
- эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг арилгах, хүйсийн эрх, тэгш байдлыг хангах
- хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхийн тулд хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих
- орон нутгийн хөдөө аж ахуйн бизнесийг дэмжих
- эрүүл мэндийн салбарыг дэмжиж ажиллах, хүний хөхөнцөр вирусын судалгаа хийхэд туслалцаа үзүүлэх, бэлгийн замын халдвараас сэргийлэх
- хөгжлийн хөтөлбөрийн зорилтуудыг дэмжих, төр, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах
- биеийн тамир, спортын хөгжлийг дэмжих
Монгол улсад ажилласан сайн дурынхны ололт амжилт
1998 оноос хойш 300 гаран сайн дурын ажилтан Монгол улсын олон салбарт дэмжлэг туслалцаа үзүүлэн, хувь нэмрээ оруулж ирлээ. Тэдгээр сайн дурынхны гүйцэтгэсэн ажил, хэрэгжүүлсэн хөтөлбөрийн заримаас товч танилцуулъя.
- Сузан Вилсон нь Хүүхдийг ивээх сангийн Монгол дахь хөтөлбөрийн Өмгөөлөл, харилцааны зөвлөхөөр ажилладаг. Энэ хөтөлбөр нь сургуулийн өмнөх болон бага сургуулийн боловсролоос гадна хүүхдийн эрхийг хангах, гамшгийн эрсдэл бууруулах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Сузан Вилсон нь саяхан болж өнгөрсөн Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлын үеэр сургуулиудад зориулсан гамшгийн эрсдэл бууруулах, сэтгэл зүйн анхны тусламж үзүүлэх хөтөлбөрт дэмжлэг үзүүлж ажилласан юм. Сузан одоогоор 2019-2021 оны стратеги төлөвлөлт болон Монгол улсад хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалж буйд дүн шинжилгээ хийн ажиллаж байна.
- Эмма Николас нь Монгол дахь Зориг сангийн хөтөлбөрийн зохицуулагчаар ажилладаг. Зориг сан нь нийгэм, эдийн засаг, ардчилал, өмгөөллийн чиглэлээр Монголын ард түмэнд дэмжлэг туслалцаа үзүүлдэг төрийн бус байгууллага юм. Эмма сургалт зохион байгуулах, манлайллын хөтөлбөр хэрэгжүүлэхэд оролцож байна. Тэрээр Монгол, Америкийн ахлах ангийн сурагчдын зуслангийн үйл ажиллагааг саяхан зохион байгуулалцав.
- Эдвина Пикерин нь Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газарт (ОБЕГ) харилцаа, үйл ажиллагаа хариуцсан ажилтнаар ажилласан. Тэрээр ОБЕГ-ын ажилтнууд, Австралийн RedR байгууллага, НҮБ-ын Гамшгийн эрсдлийг бууруулах хэлтэстэй хамтарч 2018 оны 7 дугаар сард Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурлыг зохион байгуулж ажилласан байна. 60 орны 2500 төлөөлөгч оролцсон тус бага хурлын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдсан бөгөөд тус бага хуралд Олон улсын хөгжил, Номхон далайн асуудал эрхэлсэн сайд, Сенатч, Эрхэмсэг хатагтай Кончетта Фиерраванти-Уэлс мөн оролцсон юм.
Та байгууллагадаа сайн дурын ажилтан ажиллуулахыг хүсэж байна уу?
Байгууллага, ажилчид чадавхжихад хувь нэмэр оруулах зорилгоор сайн дурын ажилчдыг улс орнуудад томилон мэргэжил нэгт нөхөд, хамт олны дунд оруулж ажиллуулдаг.
Австралийн сайн дурынхан AVID хөтөлбөрийн хүрээнд төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллага, засгийн газрын агентлаг, боловсролын байгууллага, хувийн хэвшил болон НҮБ зэрэг олон байгууллагад ажиллаж байна.
Та өөрийн байгууллагад сайн дурын ажилтан урьж ажиллуулахыг хүсэж байгаа бол AVI буюу Австралийн сайн дурын олон улсын байгууллагад дараах хаягаар хандана уу.
Утас: (976) – 76006421
Цахим шуудан: [email protected].