Улаанбаатар хот. Австрали Улсын Элчин Сайдын яамнаас зарладаг “Бичил Төслийн Хөтөлбөр”-ийн 2018-2019 оны сонгон шалгаруулалтын дүн гарлаа. Сонгон шалгаруулалтанд нийт 197 байгууллага оролцсоноос 8 байгууллага шалгарч төсөл хэрэгжүүлэх боллоо.
Шалгаралтанд амжилттай оролцож, сонгогдсон найман байгууллага нь эрүүл мэнд, эмнэлгийн яаралтай тусламж, гамшигтай тэмцэх, хүний эрхийг хамгаалах, спортоор дамжуулж залуучуудыг хөгжүүлэх явдлыг дэмжих зэрэг чиглэлээр ажиллаж буй төв, орон нутгийн байгууллагуудын төлөөлөл болж байгаа бөгөөд дараах төслүүдийг хэрэгжүүлнэ.
- Онцгой байдлын ерөнхий газар Сэлэнгэ, Хэнтий аймгийн зарим суманд ой, хээрийн түймэртэй тэмцэх орон нутгийн иргэдийн сайн дурын бүлгүүдийг байгуулж, шаардлагатай хувцас, багаж төхөөрөмжөөр хангах, сургалтанд хамруулах, бодлого, журам боловсруулах цогц үйл ажиллагаа бүхий төсөл хэрэгжүүлнэ.
- Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн харьяа мэс засал, яаралтай тусламж, үйлчилгээ чадавхжуулах төвөөс Өмнөговь аймгийн Ханбогд дахь Сум дундын эмнэлгийн эмч, сувилагч нарыг гэмтэл согог, эх барих чиглэлээр яаралтай мэс засал хийх, тусламж үзүүлэхэд сургаж ур чадвар, мэдлэгийг нь нэмэгдүүлэх юм. Тус төсөл нь Австрали Улсын Элчин сайдын яам, НҮБ-ын Хүн амын сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн Сан, Оюу Толгой, Говийн оюу хөгжлийн сан, Монгол Улсын Засгийн газар болон орон нутгийн засаг захиргааны байгууллага, ТББ-ууд хамтран хэрэгжүүлэх Өмнөговь аймгийн хүн амын эрүүл мэндийг дэмжих цогц дэмжлэг хөтөлбөрийн нэг хэсэг юм.
- Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газраас хэрэгжүүлэх төслөөр Ханбогд, Хүрмэн сумын иргэдэд эрүүл мэндийн явуулын тусламж үйлчилгээ үзүүлэх чадавх бүрдэнэ. Өмнөговь аймгийн хүн амын эрүүл мэндийг дэмжих цогц дэмжлэг хөтөлбөрийн бас нэг бүрэлдэхүүн хэсэг болох энэ төслөөр эхо зураг, зүрхний цахилгаан бичлэг хийх, цусны даралт хэмжих зэрэг үйлчилгээг иргэдэд шууд үзүүлэх бодит боломж бүрдэнэ.
- Монголын Хүйсийн тэгш эрхийн төв нь Орхон, Сэлэнгэ аймгуудын эрүүл мэнд, нийгэм, цагдаагийн албаны ажилтнуудад хүйсэд суурилсан гэмт хэрэгтэй нэгдсэн байдлаар тэмцэх чиглэлээр сургалт, уулзалтууд зохион байгуулж, ийм гэмт хэрэгт өртөн хохирогдогсдод туслалцаа үзүүлнэ.
- Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгээс хэрэгжүүлэх төслийн үр дүнд Мөрөн сумын 0-5 насны хүүхдүүдийн түлэгдэлтийн түвшинг бууруулж, эмчилгээний чанарыг дээшлүүлнэ. Төслөөр эмч, сувилагч нарыг сургалтад хамруулах, эмчилгээний зарим тоног төхөөрөмжөөр хангах, эцэг эх, сургууль цэцэрлэг, олон нийтийн дунд нөлөөллийн арга хэмжээ зэрэг үйл ажиллагааг зохион байгуулна.
- Завхан аймгийн Дөрвөлжин сумын Эрүүл мэндийн төв цус, шээсний суурь шинжилгээ хийх багаж төхөөрөмж, дутуу нярай хүүхдийг бойжуулах инкубатортай болсноор тус сумын 2200 иргэн сумандаа суурь шинжилгээ өгөх боломжтой болохоос гадна дутуу төрөлтөөс үүдэлтэй нярайн эндэгдлийг бууруулах нөхцөл бүрдэнэ.
- ЛГБТ төв бэлгийн цөөнх иргэдийн эсрэг ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэх зорилгоор нөлөөллийн цогц үйл ажиллагаа явуулна.
- Ноён спорт клуб Улаанбаатар хотын ерөнхий боловсролын зургаан сургуульд гар бөмбөг/воллейбол/-ийн дамжаа хичээллүүлж 120 хүүхэд сургана. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг энэхүү сургалтад хамруулж, гар бөмбөгийн хичээл заах, сургах арга барилд 18 дасгалжуулагч багшийг мөн сургана.