Австралийн Элчин сайдын яам
Монгол Улс

Үйл явдал

 

"Мелбүрн Кап" Австралийн морин уралдааныг Монголд үзлээ

2016 оны 11 дүгээр сарын 1

2016 оны 11 дүгээр сарын 1-ний Мягмар гарагт Монгол Улс дахь Австрали Улсын Элчин сайдын яам “Melbourne Cup” уралдаан үзэх арга хэмжээг Монголд анх удаа зохион байгууллаа. Melbourne Cup нь Австралид жил бүр зохион байгуулагддаг бөгөөд Монгол наадамтай төстэй хурдан морины уралдаан юм.

Melbourne Cup нь Австраличуудын бахархал, соёлын чухал арга хэмжээ бөгөөд Монголчууд баяр наадамд ач холбогдол өгч тэмдэглэдэгтэй ижил юм. Уг уралдаан улс орны үйл ажиллагааг бүхэлд нь зогсоодог гэлцдэг. Арга хэмжээний үеэр загварын хувцас, төрөл бүрийн хоол хүнс, үзвэр үйлчилгээнд анхаарал хандуулдгаараа онцлог. Монголчууд моринд хайртай, морь унах ур чадвараараа дэлхийд гайхагддаг ард түмэн бөгөөд энэ уралдааныг олон Монголчууд үзэж сонирхсон байдаг байна.

“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд ноён П. Сэргэлэнтэй хийсэн анхны уулзалтын үеэр морин уралдаан болон Монгол наадмын талаар ярилцах завшаан тохиосон юм. Бид Монголд морин уралдааны олон улсын стандарт нэвтрүүлэх, морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдалд анхаарал хандуулахын зэрэгцээ Монгол морь болон морь унаач, уяачдыг Австралийн “Melbourne Cup” зэрэг олон улсын томоохон уралдаанд оруулах боломжийн талаар ярилцсан”  гэж  Австрали Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Жон Лангтри онцолсон юм. 

 “Олон улсын стандартад нийцсэн морин уралдааныг зохион байгуулах нь эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, морь унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг сайжруулахаас гадна тухайн орны аялал жуулчлалын салбарт том хөрөнгө оруулалт болдог. Монгол Улсын арвин баялаг түүх, нүүдэлчин ард түмний соёл уламжлалыг  хадгалахын зэрэгцээ морин уралдааны салбарт нэвтрүүлж буй  олон улсын  шинэ дэвшилтэт технологийг Монголд нутагшуулах боломж бий” гэж сайд П. Сэргэлэн хэллээ.

 Melbourne Cup-ийн тухай

Австрали Улсын Виктория мужийн морин уралдааны клуб нь “Melbourne Cup” арга хэмжээг 1840 оноос хойш  зохион байгуулсаар ирсэн түүхтэй. Энэ уралдааныг 100 гаруй мянган үзэгч цэнгэлдэх хүрээлэнд цугларч үздэг бол 3 сая гаруй хүн телевизээр үздэг байна. Уралдаанд эхний 10 байранд шалгарсан морьдод нийт  6.2 сая австрали долларын шагнал өгдөг бөгөөд  түрүүлсэн  морь алтан цом, 3.2 сая  австрали долларын бай шагналтай. Аравдугаар байранд орсон морины шагналын хэмжээ 125,000 австрали доллар бөгөөд мөн цом дагалддаг.  

Уралдааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг  https://www.flemington.com.au/  цахим хуудаснаас авах боломжтой.  

_________________________________________________________________________

Австрали оюутнууд Монголд судалгаа хийнэ

2016 оны 9 дүгээр сарын 26

Австралийн Засгийн газрын санхүүжүүлдэг боловсролын томоохон хөтөлбөрүүдийн нэг “Шинэ Коломбо Төлөвлөгөө” хөтөлбөрийн хүрээнд 2017 онд Австралийн 35 оюутан Монголд ирнэ.

Австрали улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтри “Австралийн Ньюкаслын их  сургууль, Нью Инглэндийн их сургууль, Австралийн үндэсний их сургууль болон Эдит Коуэний их сургуулийн оюутнууд Монголд ирж, эрүүл мэнд, нийгэм, соёлын чиглэлээр судалгаа хийнэ. Энэ нь Австрали оюутнууд МУ-ын талаар илүү гүн гүнзгий мэдлэг мэдээлэлтэй болох, мөн амьдралынх нь туршид үргэлжлэх нөхөрлөлийн эхийг тавина гэж найдаж байна” гэж хэлсэн байна.

“Шинэ Коломбо Төлөвлөгөө” хөтөлбөрийн хүрээнд 2017 онд Австрали оуютнуудын Монголд байхдаа хэрэгжүүлэх төслүүд дараах сэдэвтэй байна. Үүнд:

  • Монгол дахь Том санаа
  • Орчин үеийн Монгол улс: Байгаль орчин, эдийн засаг, эзэнт гүрэнд тулгарч буй бэрхшээл
  • Монголын нийгэм, соёлын хөгжлийг судлах аялал

Элчин сайд Жон Лангтри “Энэ гайхалтай төслүүдээр дамжуулан, Австрали оюутнууд Монголд сурч, ажиллан, эрдмийн болон амьдралын туршлага хуримтлуулах бүрэн боломжтой” гэжээ.

“Шинэ Коломбо Төлөвлөгөө” хөтөлбөр нь Австралийн их, дээд сургуулиудад бакалаврын зэргээр сурч буй оюутнуудад Энэтхэг, номхон далайн бүсийн орнуудын талаарх мэдлэгээ дээшлүүлэх, дадлага хийхэд нь зориулсан, Австралийн ЗГ-ын томоохон санал санаачлагын нэг юм. 

Тус хөтөлбөрийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл www.dfat.gov.au/new-colombo-plan цахим хуудаснаас эсвэл @NewColomboPlan жиргээчийг дагаарай.

_________________________________________________________________________

Австрали, Монгол эмч нарыг хүлээн авч уулзлаа

2016 оны 8 дугаар сарын 15

Улаанбаатар хот. 2016 оны 8 дугаар сарын 15-ны Даваа гарагт Австралийн Элчин сайд Жон Лангтри Интерпласт олон улсын байгууллагын шугамаар ирсэн Австрали эмч нар, ГССҮТ, Монголын мэдээгүйжүүлэгч эмч нарын нийгэмлэгийн эмч, удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.

Хүлээн авалтад мөн Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Хавдрын үндэсний зөвлөлийн Гүйцэтгэх захирал Б.Цэцэгсайхан, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Халдварт өвчний бүсийн захирал Марк Жэйкобс, ИБУИНВУ-ын Элчин сайд Катрин Арнолд, Канадын Элчин сайд Эд Жагер  нарын хүндэт зочид хүрэлцэн ирсэн.

Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Монголын эмч нарт түлэнхийн менежмент, гоо сайхны болон сэргээн засах мэс заслын сургалт явуулж байгаад нь Австрали эмч нарт талархлаа илэрхийлж, энэ чиглэлээр мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх нь Монгол эмч нарын хувьд тун чухлыг онцлон тэмдэглэсэн. Австралийн Элчин сайд Жон Лангтри “Австрали, Монгол орон зөвхөн түргэн тусламж, гэмтлийн дараах тусламж төдийгүй алслагдсан аймаг сумд, хөдөө нутагт байгаа түлэнхийн гэмтэлтэй ард иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хэрхэн хүргэх чиглэлээр бие биенээсээ суралцах зүйл их байгаа” гэсэн юм.

Интерпластын эмч нарын баг Монголд байх хугацаандаа ГССҮТ-ийн Түлэнхийн тасаг, Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нартай хамтран, түлэнхийн сорви, гэмтэлтэй хүмүүст гоо сайхны болон сэргээн засах мэс засал хийж, мэдээгүйжүүлэлт, түлэнхийн эмчилгээний сүүлийн үеийн арга техникийг Монгол эмч нарт заана. Тэд 2016 оны 8 дугаар сарын 17-ноос 20-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Мөрөн, 22-ноос 25-ны өдрүүдэд ГССҮТ-д ажиллах юм.

Австралийн Элчин сайдын яам Интерпласт олон улсын байгууллагаас гадна эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон байгууллагыг дэмжин ажиллаж байна.  Үүнд хүний папилома вирусын халдвараас сэргийлэх вакцины үр дүнг судлах, хавдартай тэмцэж буй Хавдрын үндэсний зөвлөл, БЗХӨ, ДОХ/ХДХВ-ын оношлогоо эмчилгээ хийж байгаа Халдварт өвчин судлалын үндэсний төв, гомо, лесби, бисексуал, трансжендер, интерсексуал иргэдийн хэрэгцээнд тулгуурласан эрүүл мэндийн стратеги боловсруулж буй ЛГБТ төв, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асран халамжлагч нарт дэмжлэг үзүүлдэг Нөхөн сэргээх үндэсний төв, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, тэдний бие даан амьдрах боломжийг дэмждэг Түгээмэл хөгжил төв, мөн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээг сайжруулахаар ажилладаг Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо багтаж байна.

_________________________________________________________________________

Итгэмжлэх жуух бичгээ барилаа

2015 оны 12 дугаар сарын 22

Австрали улсаас Монгол улсад суух анхны суурин Элчин сайд ноён Жон Лангтри Монгол улсын Ерөнхийлөгч  Цахиагийн Элбэгдоржид  Итгэмжлэх жуух бичгээ  2015 оны 12 дугаар сарын 22-ны өдөр өргөн барилаа.

Итгэмжлэх жуух бичиг гардуулсны дараа ноён Элчин сайдын хэлсэн үг:   

Австрали улсаас Монгол улсад суух анхны суурин Элчин сайдаар томилогдож байгаа нь  миний хувьд нэр төрийн хэрэг  бөгөөд Монгол Австрали улсын хооронд найрсаг дотно харилцаа, хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэн хөгжүүлнэ гэдэгт  итгэл төгс байна. Манай хоёр орон ардчилсан үзэл баримтлал, эдийн засгийн хөгжил, боловсролыг үнэлэх үнэлэмж зэрэг нэгдмэл ашиг сонирхол бүхий үнэт зүйлсийг эрхэмлэхийн зэрэгцээ журамд  захирагдсан бүс нутгийн тайван байдлыг харилцан хүндэтгэж ирсэн билээ.   

 Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Австрали улсын 50 гаруй аж ахуй  нэгж байгууллагын хамтын ажиллагааны хүрээг өргөжүүлэх, шинээр үйл ажиллагаа эрхлэх сонирхолтой байгууллагатай хамтран ажиллах хүсэл зорилго дүүрэн байна. Австрали улсын Засгийн газрын тэтгэлгээр 400 гаруй Монгол залуучууд тус улсын их дээд сургуулиудад  амжилттай суралцахын зэрэгцээ Австралийн соёл урлаг, спортын талаар мэдлэг хуримтлуулан эх орондоо эргэн ирж ажиллаж амьдарч байна.  Тэдэнтэй санал бодлоо хуваалцах боломж гарна гэдэгт итгэлтэй байна.     

2016 он Элчин сайдын яамны хувьд  ажил, хөдөлмөр ундарсан эрч хүчээр дүүрэн жил байх  бөгөөд оны эцэст Элчин сайдын яам бүрэн бүрэлдэхүүнээрээ байгуулагдаж үйл ажиллагаа явуулах болно. Дэлхийн олон орнуудын удирдагчид оролцох ACEM-н дээд түвшний уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулахад өөрсдийн боломжоор дэмжлэг туслалцаа үзүүлнэ. Түүнчлэн хөрөнгө оруулалтын чиглэлээрх хамтын ажиллагааг үргэлжүүлэхэд хүчин зүтгэл гарган ажиллана.    

2015 онд багтаан Австрали улсын Элчин сайдын яам байгуулахад  дэмжлэг туслалцаа үзүүлсэн Монгол улсын Засгийн газарт талархал илэрхийлье. Энэхүү сайхан орны түүх, соёлын талаар илүү ихийг мэдэж авах, Монгол улсад ажиллаж амьдарч буй  Австрали найз нөхдийн хүрээг тэлэхийн зэрэгцээ Монгол улсын Засгийн газартай илүү ойр хамтран ажиллан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид  хөгжүүлэхэд анхааран ажиллах болно. 

Жон Лангтри

Австрали улсаас Монгол улсад суух Элчин сайд